Бүжгийн холбоодыг аймаг бүрт байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-04 14:07:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт баруун бүсийн бүжгийн спортын багш нарын цогц сургалт боллоо.

Анх удаа болж буй сургалтад баруун бүсийн аймгуудын 50 гаруй багш нар хамрагдаж, баруун бүсэд бүжгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд сонирхогчдод бүжгийн төрлүүдээс зааж сургах зорилготой бүжгийн холбоодыг аймаг бүрт байгуулахаар боллоо. Мөн сургалтын үеэр Завхан аймгийн бүжгийн спортыг сонирхогч насанд хүрэгчид, хүүхэд залуучуудад зориулсан сургалтыг явууллаа. Сургалт хоёр өдөр болж нийт 130 гаруй бүжгийн спорт сонирхогч насанд хүрэгчид болон хүүхдүүд хамрагдлаа. Харин мэргэжлийн бүжигчдэд зориулсан сургалтад 20 гаруй бүжигчин оролцож, бүжгийн спортын сүүлийн үеийн чиг хандлага, техникүүдээс суралцсан байна. Бүжгийн спорт нь нийтийн болон тоглолтын бүжгээс ялгаатай нь өрсөлдөөнт цэнгээнт бүжиг юм.  Тиймээс энэ удаагийн сургалтаар багш нар орчин үеийн вальс, танго, вений вальс, удаан фокстрот, хурдан фокстрот, латин бүжиг зэрэг таван бүжгийг оролцогчдод зааж сургалаа. Анх удаа орон нутагт олон оролцогчийг хамруулсан бүжгийн сургалтыг маш олон байгууллага хамтран зохион байгуулсан. Монголын бүжгийн спортын холбоо, аймгийн Засаг даргын тамгын газар, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв, аймгийн Соёл урлагийн газар, “Amka dance studio” хамтран зохион байгууллаа.


Хоёр өдрийн сургалтыг ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч Александр Зубенко, Монголын Бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтаншагай нар удирдан явууллаа. Орчин үеийн бүжгийн спортын төрлүүдээс мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэх, суралцах боломжийг орон нутгийн иргэдэд олгосон онцлог сургалт болж өнгөрлөө. Сургалтад оролцогчдын хамгийн бага нь таван настай, хамгийн ахмад нь 67 настай байв гэж “Amka dance studio”-ийг үүсгэн байгуулагч, бүжгийн багш, бүжиг дэглээч Э.Амаржаргал мэдээлэв. 

相关新闻