Сурагчид үндэсний бичгээр хичээнгүй зөв бичих, минутаар унших чадвараа хөгжүүлж " Хүмүүн бичигтэн хамт олон" болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-04 11:59:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори I сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10а анги нь 38 сурагчтай. Ангийн багш Л.Өнөрцэцэг. Ангийн дарга О.Номин.

6-р ангиасаа монгол бичгийн хичээл үзэж судлан, үндэсний бичгээрээ уншиж бичиж сурснаараа эх хэл, түүх соёлоороо бахархах үзэлтэй болон төлөвшиж байна.

10а ангид үндэсний бичгээрээ уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчид олон бөгөөд МУБИС-аас зохион байгуулдаг Монгол бичгийн олимдиадад Б.Намуун тэргүүн байр, Нийтийн Номын сангаас Бичиг үсгийн баярт зориулан явуулдаг “Зөв цэвэр бичигтэн” уралдаанд Б.Уртнасан тэргүүн байр, хурдан уншлагын уралдаанд Б.Намуун 3-р байр тус тус эзэлсэн амжилтыг гаргасан.

Тус ангид нэгдүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Тэргүүлэх зэрэгтэй, магистр, "Боловсролын Тэргүүний ажилтан" Л.Буяннэмэх монгол бичгийн хичээл ордог ба тэрээр сурагчдад Монгол бичиг заахдаа үсэг таньж эхлэнгүүт хичээл бүрийн эхний 10 минутанд тал дэвтэр дээр үсгийг чээжээр бичүүлж, ахих тусам монгол бичгийн хэлний зүй тогтол, учир зүйг тайлбарлан таниулах аргаар хичээл орж, үгийг нүдлүүлэн тогттооход анхаардаг байна. Мөн хичээл бүрийн эхний таван минутанд танил болон танил бус сэдвээр минутын уншлага хийж, тэмдэглэн ахицыг харснаар сурагчдын унших чадвар дээшилдэг байна. 

Сурагчид үндэсний бичгээр хичээнгүй зөв бичих, минутаар унших чадвараа хөгжүүлэхэд улам хичээн суралцаж," Хүмүүн бичигтэн хамт олон" болсон байна.

相关新闻