“Хамтын ажиллагаа-Амжилтын үндэс” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-03 15:16:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран “Хамтын ажиллагаа-Амжилтын үндэс” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын орлогч Д.Алтанзагас нээж оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрээр: -“Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт иргэдээ ажилтай, орлоготой, мэдлэг боловсролтой, сайн сайхан амьдруулахын төлөө олон ажлыг төлөвлөн тусгаж бодлого зорилтоо дэвшүүлсэн. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 4-ний хуралдаанаар аймгийн 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлуулсан билээ. Эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд Сумын шинэчлэлт-Хөдөөгийн хөгжил төсөл, Газар тариалан-Жимс жимсгэнэ төсөл, Аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр гэх тэргүүлэх дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлон танилцуулсан юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Иргэн бүрт орлого-Өрх бүрт дэвшил” төслийг батлуулан, халамж хүртэгчийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэн ажилгүйдлийг бууруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2022 оныг “Хамтын амжилт-Амжилтын үндэс” жил болгон зарлаж, зорилтот бүлгийн өрх, иргэнээ дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарих аянд идэвхтэй оролцохыг олон нийтэд уриалж энэхүү уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв. 

Мөн үеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тус аймгийн хүн ам хийгээд ажилгүй иргэдийн статистик тоон мэдээллийг хүргэв. 2021 оны статистикийн тоон мэдээллээр тус аймагт 58220 хүн ам оршин сууж байгаа бол үүнээс хөдөлмөрийн насны 33896 иргэн, эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч 22426, ажиллагсад 19567, ажилгүй 2859, ажилгүйдлийн түвшин 12,7 хувьтай байна.

Энэхүү хэлэлцүүлэгт байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч нарын төлөөлөл болон зохион байгуулагч талууд оролцож ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож байна. 


相关新闻