“Зүрх мартахгүй” төслийн багийнхан Эрдэнэт хотод ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. "Эрдэнэтэд хамгийн “үнэтэй эрдэнэ” бол хүүхэд.
Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол маш
чухал. Иймд тэдний эрүүл мэндийн төлөө орон
нутгийн удирдлагууд, эмч нар хамтарч ажиллах
ёстой. Өглөөнөөс хойш гурван цагийн үзлэгийн явцад зүрхний эмгэгтэй 100 гаруй
хүүхэд үзлээ. Тэдний 80-90 хувь нь хагалгааны заалттай, гурав, дөрвөн хүүхдийг
эмчлэх ямар ч боломжгүй хугацаа алдсан байна. Эрдэнэтэд зүрх судас, бөөрний
өвчлөл их байдаг гэсэн судалгаа бий. Иймд
хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудлаар орон нутаг, төр, “Эрдэнэт
үйлдвэр” хамтран ажиллаж, асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг санагдлаа” гэж “Сонгдо” эмнэлгийн
захирал, “Зүрх мартахгүй” төслийн багийн гишүүн, эмч Б.Болдсайхан хэллээ.
Орхон аймагт өнөөдрөөс “Зүрх мартахгүй” төслийн баг гурав хоногийн турш ажиллана. Зүрх, нүд,
урологийн чиглэлийн нарийн мэргэжлийн найман эмч ирсэн бөгөөд тэд БОЭТ-ийн
Амбулаторид байрлан иргэдийг үзэж байна.
Үзлэгийн явцад зүрх судасны эмгэгтэй 10-аад хүүхдийг нэн даруй хот руу авч явахгүй бол хугацаа алдах эрсдэл байгааг ч эмч нар хэллээ. Эрдэнэтээс 100 гаруй хүүхдэд хагалгаа хийх урьдчилсан мэдээлэл байна. Тус төслийн багийнхан 2021 онд 6450 иргэнийг үзсэн бөгөөд 300 гаруй хүүхдэд хагалгаа хийжээ.