Сүхбаатар аймгийн МАН-ын даргаар Ж.Бат-Эрдэнийг улираан сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн МАН-ын 31 дүгээр бага хурал 2 дугаар сарын 26-нд боллоо.
13 сум 66 баг, Улаанбаатар хотоос гээд нийт 350 орчим төлөөлөгч оролцсон уг
хурлаар намын 2021 оны ажил, цаашдын үйл ажиллагаа болон намын даргыг сонгох
асуудлыг хэлэлцэв. Улмаар төлөөлөгчдийн 79 хувийн саналаар ЗТХ-ийн дэд сайд
Ж.Бат-Эрдэнэ аймгийн МАН-ын даргаар улиран сонгогджээ.
Мөн дэд даргаар Д.Амарбат сонгогдож, өмнө нь гурав байсан дэд даргын орон тоог нэг болгожээ. Өөрөөр хэлбэл цаашид бага орон тоотой, өргөн бүтэцтэйгээр намын үйл ажиллагааг явуулахаар болсон байна. Намын хорооны 102 гишүүн, тэргүүлэгч 21, хяналтын хорооны 11 гишүүнийг ч шинээр сонгож, 2022 оныг намын үйл ажиллагааг бэхжүүлэх жил болгон зарлалаа.
Намын байр нь эзгүйрч, үйл
ажиллагаа нь орхигдсон, гишүүд дэмжигчид иргэдтэйгээ эргэх холбоо байдаггүй, залуу
боловсон хүчнээ дэмждэггүй, сөрөг хүчний ажлаа хийдэггүй, амласан амлалтаа
биелүүлдэггүй, нам дотроо эв эе байдаггүй зэрэг шүүмжлэлийг хурлын төлөөлөгчид
хэлж байв. 2020 оны орон нутгийн сонгуульд намаа удирдаж орсноос хойш намын
хорооны даргаар ажиллах болсон ч үүрэгт ажлаа хангалттай хийдэггүй гэж намын
даргаа шүүмжлэх нэгэн ч байлаа. Тиймээс
цаашид нэн тэргүүнд намын дотоод эв нэгдлийг эрхэмлэж ажиллахаа МАН-ын дарга
Ж.Бат-Эрдэнэ хэлж байсан юм.
Хэлэлцэх асуудлуудтай
холбоотойгоор хурлын үйл ажиллагаа 2 дугаар сарын 27-ны өглөөний 6.00 цаг хүртэл
үргэлжилжээ.