Ойн салбарын анхдугаар чуулганыг товлолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар зөвлөлдөх Ойн салбарын анхдугаар чуулганыг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулахаар товлолоо.
Чуулганаар сум болон орон нутгийн ААН байгууллагуудын удирдлагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын манлайлал, төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэн тодорхой чиглэл, санал, зөвлөмж гаргах юм.
Аймгийн ойн салбарын анхдугаар чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, аймгийн удирдлагууд, холбогдох албан байгууллага, ААН-үүд, иргэд зэрэг нийт 250-300 төлөөлөгч оролцоно.
Хэлэлцүүлэг салбар хоорондын уялдааг хангаж, төр иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, халамж, ажил эрхлэлтийн бодлого хөтөлбөртэй холбож хэрэгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн талаар, мэргэжилтэй боловсон хүчний судалгаа гаргаж хүний нөөцийг бүрдүүлэх талаар, мод, жимс жимсгэнэ тариалах соёл хандлагыг бүх нийтийн үйлс болгох иргэдийн дунд сургалт сурталчилгааг зохион байгуулах талаар, соён гэгээрүүлэх ажилд уриалах; ногоон байгууламжаа арчлах хамгаалах салбар дундын уялдааг зөв гаргах усны эх үүсвэрийг дагаж уугуул ургамлыг нь тарих сэдвийн хүрээнд өрнөх юм байна.
Мөн үеэр аймгийн 20 сая мод тарьж ургуулах төлөвлөгөө танилцуулах, сумдад ойн зөвлөл байгуулах зөвлөмж өгөх бол сум бүр өөрийн нөөц бололцоогоо судлан, үр нөөцлөх, тарьц суулгац бэлтгэх технологийн үзэсгэлэн зохион байгуулна. Ийнхүү аймгийн 20 сум, 105 багийн иргэдэд мод тарих, тарьц суулгац бэлтгэх, хашаандаа өөрсдийн санал санаачилгаараа эмийн ургамал, мод бут, жимс жимсгэнэ тарьдаг иргэдийг идэвхжүүлэх аж.