Европын Эмийн агентлаг “Pfizer”-ын вакцины нэмэлт тунд өсвөр насныхныг хамруулахыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ эмийн чанарын хяналтын байгууллага “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг 12-оос дээш насны буюу өсвөр насны хүүхдүүдэд, “Moderna”-гийн вакциныг 6-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг пүрэв гарагт олгожээ.
Европын Эмийн
агентлагийн /EMA/ Эмийн
бүтээгдэхүүний асуудал хариуцсан хорооны энэхүү зөвлөмжийн дараа
Европын Комисс эцсийн шийдвэрийг гаргах юм. ЕХ-ны хэд хэдэн орон “Pfizer/BioNTech”-ийн вакцины нэмэлт тунгаар өсвөр насны
хүүхдүүдийг хэдийнээ вакцинжуулж эхлээд байгаа юм.
Тухайлбал, нэгдүгээр
сард Германы Вакцины асуудал хариуцсан хороо 12 болон түүнээс дээш насны бүх
хүүхдэд вакцины нэмэлт тунг санал болгохоор шийдвэрлэсэн бөгөөд бүс нутгийн бусад
орнууд энэхүү жишгийг дагажээ.
Европын Өвчинд
хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн энэ сарын тайланд дурдсанаар, Европын
эдийн засгийн бүсийн 10 орон 18-аас доош насныханд нэмэлт тунг санал болгож
эхэлсэн байна. Эдийн засгийн бүс нь ЕХ-ны 27 орон болон Лихтенштейн, Исланд,
Норвегээс бүрддэг.
Европын Эмийн
агентлагийн мэдээлснээр, гишүүн орнууд энэ насны хүүхдүүдийг нэмэлт тунд
хамруулах шийдвэрийг гаргахдаа халдварын тархалт, өсвөр насны хүүхдүүдийн
дундах өвчлөлөөс гадна ховор тохиолдож байгаа зүрх судасны үрэвсэл гэх мэт гаж нөлөө
илрэх эрсдэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй байна.
Тус агентлаг мөн “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг 6-11 насны хүүхдүүдэд
хэрэглэхийг пүрэв гарагт зөвшөөрчээ. “Moderna”-гийн “Spikevax” вакциныг Европт насанд хүрэгчид болон 12-оос
дээш насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг хэдийнээ олгоод байсан юм.
АНУ-ын эрүүл
мэндийн байгууллагын удирдлагуудын хувьд “Moderna”-гийн вакцины эхний хоёр болон нэмэлт тунг 18-аас
дээш насны иргэдэд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа ч бага насны хүүхдүүдэд холбогдох
зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа юм.
“Spikevax” вакцинд 6-11 насны хүүхдүүдийг
хамруулахдаа 50 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж байгаагийн тэн
хагастай тэнцэх тунгаар дархлаажуулна гэж Европын Эмийн агентлаг мэдээлжээ.