Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Медипас эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын баг өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна.
Тус эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд буцаан авч Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэн, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 2013 онд 69.5 тэрбум төгрөгөөр барьсан "Эрдэнэт Медипас" эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн өмчид шилжүүлэн авч байна.
"Эрдэнэт Медипас" эмнэлэг 120 гаруй эмч, ажилтантай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай юм. Эмнэлгийн үйл ажиллагаа бүх шатанд хэвийн үргэлжилнэ гэдгийг ажлын баг онцоллоо.
