Сүүн замаас 100 дахин том радио галактик илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /Space.com/. Олон улсын эрдэмтдийн баг ажиглалт хийх явцдаа дор хаяж 16 сая гэрлийн жилийн диаметртэй радио галактикийг санамсаргүй байдлаар илрүүлжээ.
Энэхүү нээлтийг Европ даяар байрлуулсан Low-Frequency Array (LOFAR) радио телескопын сүлжээнээс хүлээж авсан мэдээллийн ачаар хийсэн байна.
Одон орон судлаачид манай гаргаас гурван тэрбум гэрлийн зайд орших уг галактикийг эртний Грекийн домогт гардаг Тэнгэрийн бурхан Ураны хүүгийн нэрээр Алкионей хэмээн нэрлэжээ.
Радио галактик нь цөмдөө хэт их масстай хар нүхнүүдтэй байдаг байна. Матери нь хар нүхэнд унахдаа галактикийн төвөөс эсрэг тал руу хоёр радио цацраг хэлбэрээр энерги ялгаруулдаг бөгөөд үүнийг нь идэвхтэй галактикийн цөм гэж нэрлэдэг аж.
Хоёр тийрэлтэт урсгалаар сансарт цацагдсан материал нь шинэ од үүсэх материйг агуулдаг. Энэхүү материал нь гэрлийн хурдтайгаар сансарт аялахдаа халж, радио долгион бүхий гэрэлтдэг плазм болж уусдаг бөгөөд энэ плазмыг нь LOFAR илрүүлжээ.
Энэхүү аварга том радио галактикийн диаметр нь дор хаяж 16 сая гэрлийн жил бөгөөд энэ нь манай Сүүн зам галактикийн диаметрээс 100 дахин том юм. Тиймээс Алкионей нь одоогийн байдлаар хамгийн том радио галактикт тооцогдож байна.
Радио галактик нь бусад галактикуудаас хамаагүй их цацраг ялгаруулдаг галактикийн төрөл юм.