Хонконгт бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ХОНКОНГ. /VOA/.
Хонконгт коронавирусний “омикрон”
хувилбар тархаад байгаатай холбоотойгоор бүх оршин суугчийг ирэх гуравдугаар
сард шинжилгээнд хамруулна гэж засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар гарагт
мэдэгджээ.
Тодруулбал, 7.5
сая оршин суугчийг ирэх сард гурван удаа шинжилгээнд хамруулах ажээ. К.Ламын
мэдээлснээр, өдөрт шинжилгээ хийх хүчин чадлыг нэг сая болон түүнээс дээш хэмжээнд
хүргэж нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр нийт хүн амыг долоо хоногт шинжилнэ.
Хонконгт хоёрдугаар сарын 15-наас хойш өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 5000-д хүрч өсөөд байгаа бөгөөд үүнээс шалтгаалан эмнэлгийн ачаалал нэмэгдэх болжээ. Тийнхүү энэ оны эхэн үеэс өвчлөл эрс нэмэгдэж эхэлснээс хойш халдварын 54 мянга орчим тохиолдол илэрч, 145 хүн нас барсан байна. К.Лам ирэх сарын эхэн гэхэд вакцинжуулалтын түвшин 90 хувьд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Мягмар гарагт мөн хичээлийн жилийг эрт дуусгаж, 7-8 дугаар сарын зуны амралтыг 3-4 дүгээр сар луу шилжүүлэх арга хэмжээнүүдийн талаар танилцуулжээ. Ингэснээр сургуулиудыг шинжилгээ хийх, тусгаарлах, вакцинжуулах төв болгох боломжтой байна. Мөн Австрали, Канад, Энэтхэг, Балба, Пакистан, Филиппин, АНУ зэрэг халдварын өндөр эрсдэлтэй ангилалд ороод буй орнуудаас ирэх нислэгийг хориглох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 20 хүртэл сунгах гэнэ.