Эмчилгээний цаг авсан ч ирэхгүй тохиолдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-22 20:38:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлэгт Дархан-Уул аймгийн иргэд үйлчлүүлэхээс гадна зэргэлдээ аймаг, сумын иргэд ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авдаг. Ачааллыг багасгах үүднээс цахимаар эмчилгээний цаг авах үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэвч үзлэгт хамрагдахаар цаг авсан иргэд цагаасаа хоцорч ирэх дараагийн цаг авсан иргэдтэй давхцах, түүнээс үүдэн маргаан үүсгэх тохиолдол гардаг аж. Түүнчлэн эмчид үзүүлэх цагийг өөрийн биеэр болон цахимаар авсан ч товлосон өдрийн цагтаа огт ирэхгүй байх тохиолдол их гардаг талаар нэгдсэн эмнэлгийн эмч нар хэлж байна.

Тухайлбал ходоод, улаан хоолойн уян дуран оношилгоонд өдөрт 6-8 иргэнийг хамруулдаг байсан бол иж бүрэн хоёр аппараттай болсноор өдөрт 24 хүртэлх иргэнийг хамруулах боломжтой болжээ. Гэвч өглөөний цаг авсан иргэд цагтаа ирээгүй, урд өдөр нь утсаар мэдэгдсэн хэдий ч дахин залгахад утсаа авахгүй байх зэрэг иргэдээс шалтгаалсан хүндрэлүүд их гарч байгааг эмч хэлж байна.

Тиймээс иргэн та хариуцлагатай байж үзлэгт хамрагдахаар цаг товлож захиалга өгсөн бол тухайн өдрөө цагтаа амжиж очих, зайлшгүй шаардлагаар очих боломжгүй болсон тохиолдолд тухайн газартаа мэдэгдэж, бусад иргэдэдээ хүндрэл учруулахгүй байхыг нэгдсэн эмнэлгийн захиргаанаас уриаллаа. Харин нэгдсэн эмнэлгийн тухайд нэн шаардлагатай, яаралтай үзлэг оношилгоонд орох, тусламж үйлчилгээ авах иргэдийг ямар ч тохиолдолд хүлээн авч үйлчилгээгээ хүргэж байна.

相关新闻