Б.Үүлэнтайсуухүү: Хэнтий нутгаас хүндийн өргөлтийн спортоор олимпын аварга төрүүлэхийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-21 21:33:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүндийн өргөлтийн спорт саяхныг хүртэл жудо, бокс, хөл бөмбөг, гар бөмбөг шиг олон үзэгчтэй, олны танил спортын төрөлд ордоггүй байв.


Тэгвэл оны өмнөхөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг огцмоор 109 кг, түлхэлттэйгээр 141 кг-ыг өргөж, Дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирснаар Монголын ард түмнийг магнай хагартал баярлуулж, эл спортыг сонирхогчдын тоог эрс нэмсэн гэхэд хилсдэхгүй. Түүний өмнө ч Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ  пауэрлифтингийн 107 кг-ын жинд паралимпын аварга болсон бахдам амжилтыг үзүүлж байсан билээ.

 

Харин Хан Хэнтийд хүндийн өргөлтийн спортыг аймгийн өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер Баатарцогтын Үүлэнтайсуухүү хэмээх залуу мандуулж хөгжүүлж явна. Тэрбээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул бөгөөд 2018 онд аймгийн БТСГ-т хүндийн өргөлтийн багш дасгалжуулагчаар ажилд оржээ. Улмаар

2018 онд залуучуудын УАШТ-нд багаараа 3-р байр /3 алт, 2 мөнгө, 6 хүрэл/

2019 онд өсвөрийн УАШТ-нд багаараа 2-р байр /12 алт, 15 мөнгө, 20 хүрэл/

2020 оны залуучуудын УАШТ-нд багаараа 1-р байр /18 алт, 12 мөнгө, 9 хүрэл/,

2011 оны өсвөрийн УАШТ-нд багаараа 2-р байр тус тус эзэлсэн амжилтыг гаргаад байна.

 

Одоогоор 45-50 хүүхэд бэлтгэл хийдэг бөгөөд заал танхимын хүрэлцээ хангалтгүй, зай талбай бага, штанг цөөн байдаг учраас энэ асуудлыг шийдүүлэхийг хүсдэг гэлээ. Мөн Б.Үүлэнтайсуухүү дасгалжуулагч 2028, 2032 оны олимпод Хэнтий нутгаасаа хүүхдүүдээ оролцуулж олимпын аварга болгохыг гол зорилгоо болгон өдөр бүр бэлтгэл сургуулилалтдаа анхааран ажиллаж байна.

  

Жил бүр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар “Өсвөр үеийн шигшээ баг”-ийн спортын нэр төрлийг тогтоож, зардал олгон ажилладаг. Үүнд хүндийн өргөлт тэргүүтэй спортын 13 төрөл багтдаг аж. Тиймээс амжилт арвинтай аймгийн хүндийн өргөлтийн баг тамирчдынхаа өрөө байр, тоног төхөөрөмжийн хангалтад онцгой анхаарах нь дамжиггүй биз ээ.

 

Хүндийн өргөлт нь тэсвэр тэвчээр, өөртөө итгэх итгэл, хүнээс гарч болох хурд хүч, бүхий л зүйлийг шаарддаг, өрөө өөртэйгөө өрсөлддөг спорт гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү спортыг дэмждэг, тэмцээн уралдаанд явахад нь санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага хувь хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тодруулбал, аймгийн БТСГ, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Харгуй компанийн захирал Хэнтий аймгийн хүндийн өргөлтийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь Жүрж дэлгүүрийн захирал Ц.Оюун-Эрдэнэ Хэрлэн сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, Бэлэг дурсгал дэлгүүрийн захирал А.Жаргалсайхан, тамирчдын эцэг эхчүүдэд баярлаж талархаж явдгаа уламжиллаа. 

  

 

相关新闻