Хаваржилт хүндрээгүй ч өвс, тэжээлийн дутагдалтай байгаа малчдад тусална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант сумтай. Жаргалант суманд газар тариалан, мал аж ахуй эрхлэгч иргэд түлхүү амьдардаг. Өнөөдрийн байдлаар тус суманд малчин 565 өрх байна. Эдгээр малчин өрхийн хаваржилтын байдалтай танилцахаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг нийт зургаан чиглэлд ажиллалаа.
Энэ өвөл цас бага орж өмнөх жилүүдтэй харьцуулахад дулаан байсан тул хаваржилт хүндрээгүй байна. Малчид нийт өвснийхөө 50-60, тэжээлийнхээ 70 орчим хувийг хэрэглэсэн байна. Харин зургаан өрх өвс, тэжээлийн нөөцгүй болжээ. Иймд тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Орхон тариа” ХХК 20 жилийнхээ ойг тохиолдуулан хандивласан 2000 боодол өвснөөс хаваржилт нь хүндэрч байгаа өрхүүдэд өгөхөөр болжээ.