Сургуулиудын сургалтын хөтөлбөрт "Шимт" боловсролын систем нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Батлут ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтад
“Би багш” улсын
уралдааны гуравдугаар байрын шагналт Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн багш
Б.Энхтүвшин
оролцон STEAM буюу ШИМТ
боловсролын төслөө
танилцуулж, системийн давуу тал,
хэрэгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг багаас нь бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх, сургах, чадварлаг боловсон
хүчин бэлтгэхэд томоохон суурь болохуйц сургалтын арга юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол богино
хугацаанд арилах, шинжлэх ухаанч байдлаар асуудалд ханддаг болж, хичээлдээ
дуртай болох зэрэг маш олон давуу талууд бий болох юм.
Тиймээс STEAM
буюу ШИМТ боловсролын системийг Орхон аймгийн бүх
сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах шаардлагатай гэдэг дээр уулзалтад
оролцогчид санал нэгдлээ. Эхний ээлжинд бүх сургуульд ШИМТ системийг
хэрэгжүүлэх багш нарын багийг бүрдүүлж, тэднийг чадавхжуулах сургалтад
хамруулна. Энэхүү ажилд Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн паркаас онол, арга
зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.
Цаашлаад ирэх онд сургуулиудад
кабинет байгуулах, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн нийлүүлэх зэрэг
ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.