“Хуульзүйн туслалцааны төв”-ийг хоёр өмгөөлөгчийн орон тоотой байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Хуульзүйн туслалцааны төв”-ийн Баянхонгор аймаг дахь салбарыг хоёр өмгөөлөгчийн орон тоотой байгуулжээ.
Тус төв өнөөдрийн байдлаар шинээр эрүүгийн 7 хэрэг, өмнөх оны үлдэгдэл 10 хэрэг нийт 17 хэрэгт ажиллагаа хийн, хууль зүйн зөвлөгөө хүссэн 45 иргэнд мэдээлэл өгч туслалцаа үзүүлсэн байна.
Иргэд хуульзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авахыг хүсвэл Баянхонгор аймгийн ЗДТГ-ын байрны баруун жигүүрийн нэгдүгээр давхар, Үйлчилгээний нэгдсэн төвд байрлах “Хууль зүйн туслалцааны төв”-ийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнд хандах боломжтой.
Ташрамд дурдахад, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа “Хууль зүйн туслалцааны төв” нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах, адил тэгш боломжоор хангагдах төрөөс төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Төрөөс хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийг хэрэгжүүлж аймаг, сум, дүүргийн ЗДТГ-тай хамтран “Эрх зүйн туслалцааны төв”-ийг бүх аймаг, дүүрэг болон хүн амын нягтаршил ихтэй зарим суманд байгуулан өнөөгийн Хууль зүйн туслалцааны төвийн үндэс суурийг тавьсан байдаг.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, хүний нөөц, материаллаг баазад түшиглэн төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын эрх зүйн орчныг бүрдүүлж, Монгол Улсын Их Хурлаар 2013.07.05-ны өдөр Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг баталснаар “Хууль зүйн туслалцааны төв”-ийг байгуулж, одоогоор улсын хэмжээнд ажлын алба болон 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг, хүн ам ихээр төвлөрсөн 2 суманд нийт 31 салбарын 72 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон буюу амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэхээр холбогдох хуулиудад тусгасан байдаг аж.