20х8 харьцаатай өвлийн хүлэмж ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн хамт олон Азийн хөгжлийн банкны төслөөр 20х8 харьцаатай өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулжээ.
Мөн сургуулийнхаа Агропаркид дадлагын суралцагчид байрлах 10х8 харьцаатай канад модон барилга бариулж тохижуулав. 1,6 га талбайд 2 зуны хүлэмж бүхий мод үржүүлгийн талбайг бүрэн хашаажуулж, эхний ээлжинд 650 мод тарьж ургуулаад байна.
Мөн 20 компьютер бүхий дадлагын танхимыг ХНХЯ-ны санхүүжилтээр байгууллаа. Багш ажилтны нийгмийн баталгааг хангах чиглэлээр “Малжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 27 ажилтанд тус бүр 3 хонь олгов. Тогтвортой хөгжлийг дэмжигч “Эко сургууль” олон улсын хөтөлбөрийн “Ногоон туг”-ийн болзлыг хангаж, сургалтын 2 хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр баталгаажуулав.
Суралцагчид цахим сургалтын үед хичээлээ бүрэн дүүрэн ойлгох боломжийг олгохын тулд Amjilt.com аппликэйшн нэвтрүүлэн 31 мэргэжлийн 1072 контент хичээлийг цахим сургалтын системд байршуулж, номын фондоо 1124 ширхэг мэргэжлийн хичээлийн номоор баяжууллаа.