300 гаруй аж ахуйн нэгжид 170 сая гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компанийн энэ оны нэгдүгээр сарын 18-ны хуралдаанаар аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэх тогтоол баталжээ.
Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгж байгууллагуудад үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, төсөвт болон банк, банк бус санхүүгийн байгууллага, салбар болон охин компаниас бусад аж ахуйн нэгж байгууллагуудад 20 хувийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргасан аж.
Хөнгөлөлт үзүүлэх боломжтой 300 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад нийт 170 сая гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тооцоо гарсан гэж албаны эх сурвалж мэдэгдэв. Уг шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн аж ахуй нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл дээрх хөнгөлөлтийг эдэлнэ.
Гэхдээ төлбөрөө хугацаанд нь
төлж ирсэн аж ахуй нэгжүүд дараа сардаа хөнгөлөлтөө эдлэх боломжтой аж. Эрчим
хүчний зохицуулах зөвлөлөөс айл өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын тарифыг
2021 оны 10 дугаар сарын 14-ний 460 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тухайн
тогтоолын дагуу төсөвт байгууллагын төлөх халаалтын үнийг метр куб нь 1250
төгрөг байхаар, аж ахуйн нэгж байгууллагын дулааны үнийг метр куб нь 1020 төгрөг
болгож баталжээ. Мөн шинэ тогтоолоор дулааны тарифыг хувьсах болон тогтмол
зардал гэсэн хоёр ангилалд хуваажээ.