"Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн" Баянхонгор хотноо болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-02-18 08:53:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын хөл бөмбөгийн холбоо, Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн холбооноос хамтран насанд хүрэгчдийн "Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн"-ийг Баянхонгор аймагт энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 6-ны хооронд зохион байгуулна.

Хөл бөмбөгийн спортыг сурталчлах, тогтвортой хөгжлийг дэмжих, Монгол Улсын 21 аймгийн дунд спортын шударга өрсөлдөөнийг бий болгон улмаар аймаг орон нутгийн иргэд, ТББ, холбоод эвлэлдэн нэгдэж, хөлбөмбөгийн баг тоглогчдоо дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор тэмцээнийг товложээ.

Тус тэмцээнийг зохион байгуулах ажлын баг бэлтгэл ажлыг хангахаар энэ сарын 17-нд хуралдав. Долоо хоногийн турш Баянхонгор хотноо үргэлжлэх тус тэмцээнийг улс орон даяар шууд дамжуулах бөгөөд "Номундалай" цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүдэд бэлтгэл ажлыг тус бүрээр хангах  чиглэлийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхсоёл, Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г. Батжаргал нар өглөө. 

Тэмцээнд 21 аймгийн шигшээ багийн 240 гаруй баг тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хөлбөмбөгийн тэмцээний мэргэжлийн шүүгч бэлтгэх сургалтыг Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж, шилдэг суралцагчдыг тэмцээний шүүгчээр ажиллуулах юм байна. 

21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнээр дээд шатанд болон нэгдүгээр шатанд тус тусын дөрвөн байр эзлүүлж, шилжин явах цом гардуулахаас гадна шилдэг хаалгач, шилдэг тэгш тоглогч, шилдэг довтлогч, шилдэг шүүгчийг тус тус шалгаруулах аж. 

相关新闻