Иргэдийг дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аянд Дундговь аймаг
нэгдэж, 2 дугаар сарын 16-наас аймгийн БТСГ-ын зааланд иргэд дасгал хөдөлгөөн хийж,
Нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн С.Цолмон дасгалыг удирдан явуулж
байна.
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг
идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж, “Эртэч идэвхтэй нийгмийг бий болгох”,
“Эртэч, идэвхтэй иргэн”, “Хүртээмжтэй аюулгүй орчин”, “Нэгдмэл зохицуулалттай
тогтолцоо” гэсэн дөрвөн зорилт дэвшүүлжээ.
Энэ хүрээнд 2 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 1-нийг
хүртэл орон даяар “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, 9
дүүргийн биеийн тамир спортын заал, танхимыг өглөө 06 цаг 30 минутаас нэг цаг үнэ
төлбөргүй болгож, иргэдийг дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэхийг уриалсан юм.
2 дугаар сарын 17-ны өглөөний дасгалд БТСГ, Эрдмийн
далай цогцолбор сургууль, Эрдэнэдалай, Өндөр-Шил, Дэрэн, Хулд сумдын 6 заал, Сайнцагаан
сумын 2,3 дугаар цэцэрлэгийн 2 танхимаар нийт 147 иргэн хамрагдаж, Эрдмийн далай цогцолбор сургууль, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдаа идэвхтэй хамруулжээ.