Зөвшөөрөлгүйгээр хонжворт сугалаа явуулсан 6 иргэнд торгууль оногдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед олон
нийтийн сүлжээгээр зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулж азтан шалгаруулах явдал
нэмэгдэж байгаа.
Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс уг хууль
бус үйлдэлтэй тэмцэж эхэлсэн байна. Тодруулж хэлбэл, зөвшөөрөлгүйгээр хонжворт
сугалаа явуулж байгаа 24 иргэнд сануулга өгч, 6 хүнийг тус бүр 1 сая төгрөгөөр
торгосон аж.
Албаны эх сурвалжийн тайлбарласнаар хонжворт
сугалаа явуулах хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгжүүд Сангийн яаманд хүсэлт гаргаж,
3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл авах ёстой. Харин татварын хууль
тогтоомжид зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт
сугалааны хонжворын орлогод 40 хувийн татвар ногдуулдаг байна.