Орон нутгийн 500 иргэнийг Улаанбаатар хотод ажлын байраар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Засаг дарга Д.Бауыржан энэ өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна.
Тэрээр нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагийн
дэнжид гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг гүйцэтгэж байгаа
“Андын зам констракшин” компанийн Ерөнхий захирал Б.Лхагвасүрэнтэй уулзжээ.
Одоо тухайн компанид Баян-Өлгий аймгийн
харьяат 83 иргэн ажилладаг аж. Харин цаашид тус аймгийн 500-600 хүнийг ажлын
байраар хангах асуудлыг ярилцжээ. Компанийн төлөөлөл аймагт өөрсдөө
очиж ажилтнуудаа авахаас гадна сургаж, дадлагажуулахаар болсон
байна. Мөн гэр бүлийн хүмүүсийг хамт ажиллах боломжоор
хангах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгох хүсэлтийг Засаг даргын
зүгээс тавьжээ.
Дээрх ажлын хүрээнд “Андын зам
констракшин” компанийн төлөөлөл
ойрын хугацаанд орон нутагт ирж ажиллах ажээ.