“Судар эгшиглэн-2022” төсөл хөтөлбөр дахин эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-15 19:21:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд зохион байгуулсан "Судар эгшиглэн" төсөл нь аймгийн соёлын хөтөлбөрийн зорилтыг хангахад чиглэгдэж, үр дүнгээ өгсөн учир энэ жил дахин үргэлжлүүлэхээр болжээ. “Судар эгшиглэн-2022” төсөл хөтөлбөрийн хүрээнд унших ном болон хамрах хүрээ, оролцогчдын насны ангилал, шагналын сан гээд бүгд өмнөх оноос нэмэгджээ.

Нийт шагналын сан 20 сая төгрөг бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж буй бол аймгийн ИТХ-аас 10 сая төгрөгийг батлуулсан байна.

Энэ жилийн “Судар эгшиглэн-2022” хөтөлбөрийг 2 үе шаттай зохион байгуулна. Оролцогчид нийт 20 ном уншина. Насанд хүрэгчдийн ангилалд номын сэдвийг зааж өгсөн. Номын давхцал, номын хүрэлцээ хангамж зэргийг харгалзан үзээд ийнхүү шийдсэн. “Талын түрлэг” бүлгэмээс санаачлан хэвлүүлсэн "Талын түрлэг" номыг онцлогтойгоор оруулж өгсөн.  Хүн бүр унших ёстой номын нэг, нөгөө талаар нутгийн бахархалт эрхэм хүмүүсийн тухай хөрөг нийтлэлүүд энэ номд байгаа учир ийнхүү зориуд оруулсан. Хүүхдийн номын сонголтыг сурагчдын заавал унших жагсаалтын номоос сонгосон. Мөн нутгийн зохиолчдын бүтээлийг сонгон оруулсан. Хүүхэд залуусыг нутгийн зохиолч, найрагч, сэтгүүлчээ мэддэг байгаасай, зохиол бүтээлийг судлаасай гэсэн үүднээс оруулж өгсөн гэх мэдээллийг төслийг санаачлагч, аймгийн Нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяа хэллээ.

Ангилал тус бүрт эхний таван байр, шилдэг номын санч, шилдэг уншигч хамт олон, мөн гишүүний нэрэмжит шилдгийн шилдэг Гранпри шагналтан тодорно. Энэ жилийн хувьд нийт 24 хүн шагналын эзэн болох аж. 

相关新闻