Коронавирусний халдварын тохиолдол 201-ээр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 368 шинжилгээ хийснээс хүүхэд 65, насанд хүрэгч 136 нийт 201 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр Говь-Алтай аймагт коронавирусний халдвар анх бүртгэгдсэнээс хойш нь нийт 4384 хүүхэд, 12332 насанд хүрэгч өвчилсөн тухай холбогдох албанаас танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 223 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 2, хүнд 19, хүндэвтэр 82, хөнгөн оноштой 120 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 132 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37454, гуравдугаар тунд 16257, дөрөвдүгээр тунд 1106 иргэн хамрагдаад байгаа аж.
Сүүлийн хоногуудад халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалахыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.