Хүний эрхийн үндэсний комиссын ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-11 14:22:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Монгол улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Ахлах референт Х.Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг хяналт шалгалт хийхээр ажиллаж байна. Тэд Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх хэрэгжилтийн байдал, тухайн дотуур байрны нөхцөл байдал, хүүхэд хамгааллын бодлогын асуудлын талаар хяналт шалгалт хийх ажээ.

Мөн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, сэжиглэгдэн шалгагдаж байгаа, гэрч, хохирогч, хорих ялаар шийтгүүлсэн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулсан хүүхдүүдэд чиглэсэн ажлыг хэрхэн явуулж байгаа талаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд шалгалтыг мөн явуулах тухай холбогдох албанаас мэдээлэв.

Үүнээс гадна аймгийн Цагдан хорих байр, Цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, тухайн эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар газар дээр нь очиж танилцах аж. 

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр жил тутамд УИХ-д Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын талаарх илтгэлийг өргөн барьдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг чиг үүргийнхээ хүрээнд аймгийн ЗДТГ-т жендэрийн эрх тэгш байдлын хууль хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байгаа тухай  Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир танилцуулав. Тэрээр цааш нь хэлэхдээ:

-"Ажлын багийнхан дээрх хяналт шалгалтуудыг хийхдээ холбогдох албадаас сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын хэрэгжилт, баримт материалыг цуглуулан танилцахаас гадна, нөхцөл байдалтай газар дээр нь ажиллаж байна. Одоогоор Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд болох Цагдаагийн газар, ГБХЗХГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн алба, Прокурор гэх мэт байгууллагын төлөөллүүдийн мэдээллийг сонсож байна" гэв. 


相关新闻