Иргэдийн өмчлөл, эзэмшилд байгаа газрын 60 хувь нь эргэлтийн цэгийн зөрчилтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-09 16:26:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгжүүд өмчлөлдөө авсан 7593, эзэмшилд авсан 7497 нэгж талбар газар байна.

Үүнээс 2016 он хүртэл жил бүр дунджаар 500-700 иргэнд шинээр газар олгож иржээ.

Шинээр авсан газарт хашаа, байшин, барилга барихаас өмнө кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй компаниар тухайн газрын хил зааг, эргэлтийн цэгийг газарт бэхлүүлж, тэмдэгжүүлж авах ёстой.

Гэвч иргэд эргэлтийн цэгийг ямар нэгэн байдлаар дур мэдэн өөрчилж, олгосон газрын хэмжээнээс илүү гаргаж хашаа, байшин барих зэрэг зөрчил байнга гарч байна. Тодруулж хэлбэл, дээрх газар эзэмшиж байгаа болон өмчилж авсан иргэдийн 60 орчим нь ийм төрлийн зөрчил гаргасан аж.  

Олгосон газраас илүү гаргаж хашаа, байшин барьсан тохиолдолд тухайн зөрчлийг арилгах хүртэл газартай холбоотой төрийн үйлчилгээ /кадастрын зураг авах, газрын гэрчилгээг шилжүүлэх, барьцаалах, улсын бүртгэлд бүртгүүлэх г.м./ авч чадахгүй болохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас анхааруулж байна.

相关新闻