“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-02-09 16:22:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалах  хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эрик Келлигээр ахлуулсан төлөөлөгчдийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.

Онцгой байдлын Ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. “Ковид-19” цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх намар Баянхонгор аймагт  зохион байгуулахаар болоод байгаа аж.

Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болоод Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн ач холбогдлын талаар хэлэлцэв. “Говийн чоно-2022” улс, орон нутгийн хэмжээг хамарсан,  гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхыг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Дадлага сургуулийг зохион байгуулахад аймаг орон нутгаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа Засаг дарга Д.Мөнхсайхан илэрхийллээ.

相关新闻