Сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг гэрт нь хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 иргэнийг ар гэр, асран хамгаалагч, /эрүүл жолоочид/ хүлээлгэн өгч, жолооч нарт сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.
Зөвхөн 2 дугаар сарын 1-5-ны хугацаанд цагдаагийн газрын 66 алба хаагч 24 цагаар эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэн, иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа 425 тээврийн хэрэгсэл шалган, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, гудамж, талбайд ухаангүй унасан 65 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 83 иргэнд зөвлөгөө өгч ажилласан байна.
Мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын цагдаагийн тасгийн давхардсан тоогоор 110 алба хаагч гурван ээлжээр үүрэг гүйцэтгэн, нийт 3800 тээврийн хэрэгсэл шалган, 1100 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараажээ.