Г.Сүхтөмөр:"Жишиг соёлын төв" болсон нь бидний ажилд маш их урам зориг, эрч хүч өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-08 16:34:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамнаас шалгаруулсан “Жишиг соёлын төв”-өөр төвийн бүсээс Дундговь аймгийн Хулд сумын Соёлын төв шалгарч, сар шинийн босгон дээр батламжаа гардан авчээ. Тус байгууллагын үйл ажиллагааы талаар тодруулахаар Соёлын төвийн эрхлэгч Г.Сүхтөмөртэй холбогдсон юм.


-Танай байгууллага улсын хэмжээнд төвийн бүсийн “Жишиг соёлын төв” боллоо. Баяр хүргэе. Хамт олныхоо амжилтаас танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Энэ бол бидний ажилд маш их урам зориг, эрч хүч өгсөн шагнал байлаа. “Жишиг соёлын төв” гэсэн энэ эрхэм алдрыг дааж, хадгалж явахын тулд бас маш их хариуцлага. Тиймээс илүү их ажиллах шаардлагатай гэж ойлгож байгаа.

Манай байгууллагын хувьд 2005 онд “Хүүхдэд ээлтэй хамт олон” болж, 2014 онд “Сумын тэргүүний хамт олон”, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарч, миний хувьд “Тэргүүний  шилдэг менежер” болж, “Амьдралын тохилог орчин”  аянд тэргүүн байр эзэлж байлаа. Дараа нь 2016 онд “Санаачлагч хамт олон”, 2017  онд “Сумын тэргүүний хамт олон” болж, 2021 онд Улсын “Жишиг соёлын төв” боллоо.

-Энэ их амжилтын ард мэдээж сайхан баг хамт олон байж таараа. Ер нь амжилттай ажиллаж байгаагийн үндэс, суурь юунд байна вэ?

-Ямарваа нэг үйл ажиллагааг зохион байгуулахад  “хэдий чинээ зүрх сэтгэлээ зориулж, хэр их хөдөлмөрлөж чадна төдий чинээ чанартай сайн болно” гэсэн нэгэн бодолтой гар, сэтгэл нийлэн ажиллаж чаддаг хамт олон байна гэдэг үнэхээр сайхан. Энэ л бидний амжилтын гол үндэс болдог.

Мөн “Мянга сонсохоор нэг үз” гэж хамт олноороо шилдэг тэргүүний үйл ажиллагаатай сум, байгууллага, ажилтнуудын туршлагыг газар дээр нь очиж судлах, ажлын байранд бие биенээсээ суралцах, 2 жилд нэг удаа хамт олны уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулах зэргээр ажилтнуудынхаа ур чадварыг байнга л дээшлүүлэхийг бодож ажилладаг. Ингэж ажилласнаар аймагтаа эхний 3 байрт тогтмол шалгарч байгаа.

-Жилдээ хэчнээн хүнд урлаг соёлын үйлчилгээг хүргэдэг вэ, залуу хойч үеэ бэлтгэхэд хэрхэн анхаарч байна?

-Манай байгууллага жилд дунджаар 99-110 үйл ажиллагааг зохион байгуулж, хөдөөгийн иргэд, хүүхэд залуучууд болон нийгмийн бүх  давхаргын 7000-11000 хүнд урлаг соёлын олон талт үйл ажиллагааг хүргэж үйлчилдэг.

“Дуу хуурын өлгий” нутгийн залгамж халааг бэлтгэн, дугуйлан сургалтуудыг тогтмол хичээллүүлж жилдээ давхардсан тоогоор 280-360  хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлдэг.  Жил бүр Олон улсын хүүхдийн баярын өдөр дугуйлангийн хүүхдүүд маань тайлан тоглолтоо хийдэг. Түүнээс гадна шилдэг тэргүүний нэг хүүхдийн бие даасан тайлан тоглолтыг зохион байгуулж, сурталчлан дэмжиж урамшуулдаг уламжлалтай.

Мөн мэргэжлийн сургуулиудад сурч буй оюутнууд, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүстэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж тэднээсээ ажлын шинэлэг санаа сэдлийг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг. Энэ нь үйл ажиллагаагаа сайжруулах, цар хүрээгээ нэмэгдүүлэхэд их тус дэмтэй байдаг.

-Ер нь Хулд сумын Соёлын төвийг хэзээ байгуулсан бэ, жаахан түүх хүүрнээч?

-Манай сумын Соёлын төв анх “Улаан гэр” нэртэйгээр 1942 онд байгуулж, тэнд сайн дурын уран сайханчид дуулж хуурдан концерт тоглож байсан төдийгүй “Живаа хүү” нэрт анхны ший жүжгийг дэглэн тавьж, түүнд сумын уран сайханч Ч.Жигмэд, Х.Равдандорж, Б.Найдан,  Д.Долгор нар тоглож байсан гэдэг.

1961 онд сумын төвд анхны клуб байгуулж, клубийн эрхлэгчээр П.Пунцаг, кино механикчаар Д.Хүрэлбаатар, галчаар П.Гаваасан нарын хүмүүс ажиллаж байсан.

Анхны дуутай киног ард олноо “Кино бандгай” хэмээн алдаршсан Д.Хүрэлбаатар тавьсан төдийгүй улсын кино наадамд урилгаар оролцсон анхны кино механикч болсон юм.

Сумын клубийн хамт олон 1987 онд ШБОС гарган “Талын цэцэг” нэгдлийн дарга С.Халзанхүүгийн дамжлэгчтэйгээр аймагт анх кино, урлаг соёл, ухуулга сурталчилгаа, халуун ус, угаалга, үсчин зэрэг 8 нэрийн үйлчилгээ бүхий авто клуб байгуулсан нь үлгэр жишээ болж, улсад тэргүүн байр эзэлж байсан түүхтэй.

2007 онд соёлын төвийн орон тоо бүтцэд өөрчлөлт орж, 5 орон тоотой, 2010 онд 9 орон тоотой болж, Соёлын төвийн 2 дахь  барилга  ашиглалтад  орсон. Тэр үеэс би эрхлэгчээр ажилласан. Эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч, галч гээд 9 хүний бүрэлдэхүүнтэй. Ийм сайхан баг хамт олон болж, амжилттай хамтран ажиллаж байгаадаа маш их сэтгэл хангалуун явдаг.

-Урлаг соёлын үйлчилгээг иргэдэд тогтмол хүргэх, жүжигчдийн хувцас хэрэглэл гээд хөрөнгө санхүүгийн хэрэгцээ ихээхэн гардаг байх. Орон нутгаас хэр дэмждэг вэ?

-Олон нийтийн томоохон урлаг соёлын үйл ажиллагаа, уралдаан тэмцээнүүдийг ААНБ, хоршоо, бизнесмэнүүдээр ивээн  тэтгүүлж, тэдний үйл ажиллагааг харилцан сурталчлах зэргээр хамтран ажилладаг.

Суманд үйл ажиллагаа явуулдаг компани, хоршоо, бүлгүүдтэй түншийн холбоо байгуулан ажиллаж, дуу авиа, гэрэлтүүлгийн техник хэрэгсэл, урлагийн хувцсаа шинэчлэн сайжруулж, үйлчилгээний  ая тохьтой байдлыг нэмэгдүүлсээр байгаа.

2020 онд Аймгийн ОНХС-гийн 54,8 сая төгрөгийн санхүүжилтээр барилгын гадна болон халаалтын их засварыг хийж, өнгө үзэмж, үйлчилгээний орчноо сайжруулсан.

2021 онд сумын ОНХС-гийн 50,0 сая төгрөгийн санхүүжилтээр 100 хүний суудал бүхий иж бүрэн тоноглогдсон зөөврийн  соёлын төвтэй болсноор алслагдсан хөдөөгийн багийн иргэдэд хүргэх соёл урлагийн олон талт ажил, сургалт сурталчилгааг  цаг агаарын ямар ч нөхцөлд тав тухтай орчинд  хүргэх боломж бүрдсэн.

-Байгууллагынхаа цаашдын зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулаач, өнгөрсөн онд Хулд суманд “Говийн зэрэглээ” төсөл хэрэгжиж, үйлчилгээгээ эхэлсэн. Энэ төсөлтэй ажлаа уялдуулах уу?  

-Хулд сум тэмээний нутаг гэдгээрээ онцлог. “Говийн зэрэглээ” киног мэдэхгүй хүн бараг л үгүй байх. Энэ кинонд гардаг холбооны жижиг байшинг тэмээнийхээ өв соёлтой хослуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Говийн зэрэглээ” төслийг Н.Баасанхүү (сумын Засаг дарга асан) дарга санаачлан хэрэгжүүлсэн. Холбооны тэр жижиг байшинг “Жуулчны мэдээллийн төв” болгон тохижуулж, өнгөрсөн оны намар 9 дүгээр сард нээлтээ хийсэн.

Цаашдаа Үл Олдохын цэлгэр говь, сайхан тал нутагтаа жуулчдыг татаж сэтгэл амар сайхан амруулах, говь нутгаа сурталчлах, “Олдохын бор тэмээ”-гээ түшиглэн малчин хүний цаг наргүй гэхдээ гайхамшигтай ажил амьдралтай танилцуулж, тэмээний өв соёлоо таниулах зорилгоор “Манай говийн гэр” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ төслийг хэрэгжүүлснээр жуулчдын тоог нэмэгдүүлж, малчдаа орлоготой болгоно гэж тооцож байгаа.

Энэ жил ОНХС-гаас 100,0 сая төгрөгөөр сумын төвийн 9 цэгт иж бүрэн гэрэлт цамхаг байрлуулахаар батлагдаж, зураг төсөв нь хийгдэн ирэх 6 дугаар сараас ажил эхлэхээр болсон. Ингэснээр нийтэд мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгаа, зар мэдээг түргэн шуурхай нэгэн зэрэг хүргэх боломжтой болох юм.

Манай хамт олны хувьд цаашдаа “Гоо сайхан, ёс зүйн өндөр хүмүүжилтэй иргэдийг  төлөвшүүлнэ” гэсэн Алсын хараандаа хүрэхийн тулд иргэдэдээ чанартай, хүртээмжтэй урлаг соёлын үйлчилгээг хүргэн, “Жишиг соёлын төв” гэсэн нэрээ хадгалж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. 

相关新闻