Өвөрмөц тогтцоороо олны анхаарлыг татах "Ламын агуй"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-08 16:22:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бол “Ээж Хайрхан уул” юм. Ээж хайрхан ууланд гадаад, дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Ламын агуй, Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Тэдгээрээс өвөрмөц тогтцоороо олны анхаарлыг татдаг "Ламын агуй"-г танилцуулъя.


Ээж хайрханы зүүн өвөрт чулуулгийн судал дагаж хойноос урагш цуварч байрласан есөн тусдаа хадан хонхор буюу нутгийнхны хэлж заншсан Есөн тогоо бий.  Үүний ойролцоо хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй байдаг.

Агуйн есөн тогоо руу харсан талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан байдаг. Дотроо 4 х 6 метр хэмжээ бүхий зайтай, 160-180 см өндөр ханатай, бурхан тахил ба мөргөлчин, ор дэвсгэр ба гал тогооны хэсэгтэй. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан хэмээх лам 1923 оноос нэлээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Равдан лам Маажинсан ууланд бүгэж байсан Дамбийжанцангийн хамсаатан байсан бөгөөд Жа лам алагдсаны дараа Ээж хайрханы агуйд орогнон амьдарч улмаар энэ нутгийн Т.Цэгмид хэмээх эмэгтэйтэй ханилан 1928 он хүртэл амьдарчээ. Нутгийнхан Ламын агуйд Ээж уулын лам ижий амьдарч байсан хэмээн домоглодог. Тус агуйд ирсэн гийчид хадаг сүү өргөж, арц хүж асааж, зул барьж мөргөдөг заншилтай.


相关新闻