Зарим эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ багассан ч экспортын орлого нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбар манай улсын ДНБ-ий 24, аж үйлдвэрийн салбарын 69, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77, экспортын 93 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оны
байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6 хувь буюу
4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлснийг УУХҮЯ мэдээлэв.
Цар тахал гарахаас өмнө манай улс жилд 30 гаруй сая тн нүүрс экспортолдог байсан бол өнгөрсөн онд 16,138 мян.тн-ыг экспортолжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэдий багассан ч 2021 онд түүхий эдийн дэлхийн зах зээл дэх ханш өндөр, цар тахлын үед хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дүнд экспортоос олох орлого өмнөх жилүүдийн орлоготой дүйх хэмжээнд байгаа аж. Тухайлбал, 2018 онд 36,265 мян.тн нүүрс экспортолж 2,803 сая доллар, 2019 онд 36,604 мян.тн нүүрс худалдаж 3,079 сая доллар, 2020 онд 28,677 мян.тн-ыг борлуулж 2,127 сая доллар, 2021 онд 16,138 мян.тн нүүрс экспортолж 2,779 сая долларын орлого олжээ.
2021 онд зэсийн баяжмалын үнэ өсөлттэй байсан. 2017 онд
1,447 мян.тн зэсийн баяжмал, хүдэр экспортолж түүнээс 1,613 сая долларын орлого
олсон бол өнгөрсөн онд 1,283
мян.тн-ыг борлуулж 2,900 сая долларын орлого олсон байна.
Нүүрсний экспортын 85 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор, зэсийн баяжмалын экспортын 54
хувь нь Гашуунсухайт, 46 хувь нь Замын-Үүд боомтоор гарч байна.