Баяннуур суманд алим тарьж эхэлсний 60 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Баяннуур суманд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд алим тарьж ургуулж байна.
Тус сум нь Ховд голын эрэг дагуу бусад
сумтай харьцуулахад хамгийн нам газарт байрласан нь газар тариалан эрхлэх
давуу боломжийг олгодог аж.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны
57 дугаар тогтоолоор Баяннуур сумыг Сангийн аж ахуй болгон байгуулж, атар газар
эзэмших хөдөлгөөн өрнүүлжээ. Үүний үр дүнд Баяннуур сум Баян-Өлгий аймгийг
хүнсний ногоогоор бүрэн хангах хэмжээнд хүрч, ургац сайтай жилүүдэд хөрш
аймгууд, Улаанбаатар хот, ЗХУ-ын Кош-Агач муж хүртэл тээвэрлэн хүргэж
байсан түүхтэй аж.
1962 онд Сангийн аж ахуйн яамнаас Сэлэнгэ
аймгийн Шаамар, Баян-Өлгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд ЗХУ-ын Алтайн
Бүгд Найрамдах Улсаас 10 мянган ширхэг алимны, 5 мянган ширхэг ранеткийн
суулгац авч ирж тарьжээ. Анх славянка, мичурин, попиловки,
полькултур, ворланков сортуудыг тарьсан нь зохих үр дүнд хүрсэн
байна. Улмаар Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр намар 10 дугаар сараас
эхлэн бүх алимны модыг хөрсөнд булж, 5 дугаар сард гаргадаг болсон нь ургацын
хэмжээг нэмэгдүүлжээ.
Үүнээс хойших 60 гаруй жилийн хугацаанд ЗХУ-аас авч
ирсэн бут сөөг, моднууд орон нутгийн хөрсөнд бүрэн дасаж, жил бүр
тасралтгүй ургацаа өгч байна.
Эдүгээ тус сумын 40 орчим иргэн 8
төрлийн алим тарьж, жилд 10 орчим тонн жимсийг зах зээлд нийлүүлдэг. Гэхдээ
дээрх алимны модны насжилт хэтэрч байгаа нь ургацын хэмжээнд сөргөөр
нөлөөлж эхэлснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.