Улсын аварга саальчин Т.Дулам бэлчээрийг хуваарьтай ашигладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн
сар шинийн баярын босгон дээр Дундговь аймгаас “Улсын аварга саальчин” төрсөн
нь Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Т.Дулам юм. Тэрээр тус аймгаас төрөн
гарсан гурав дахь аварга саальчин.
Түүний шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг
даргын орлогч М.Анхбаяр нарын төлөөлөгчид гардуулав.
Тавхай овогтой Дулам 1974 онд тус сумын “Давших зам”
нэгдэлд илгээлтээр мал маллаж ажил амьдралынхаа гарааг эхэлжээ.
Тэрээр малын нутаг бэлчээрээ сонгон тохируулж, отор
нүүдлийг оновчтой хийн, малын удам угшил үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг
нэмэгдүүлэхэд анхаарч, мал сүргээ өсгөн үржүүлж, орон нутагтаа ажил төрлөөрөө
манлайлж, үлгэрлэн яваа саальчин юм.
Малынхаа тоо толгойг нутаглаж буй газрынхаа бэлчээрийн
даацад тохируулан, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу хуваарьтай
ашиглан өвөлжөө, хаваржааны газартаа сэлгэн бэлчээр хамгаалах арга туршлагатай.
2010 оноос өрхийн үйлдвэрлэлээр бэлтгэсэн сүү, сүүн
бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд гарган, хэрэглэгчдэд нийлүүлж байгаа ба
бүтээгдэхүүн нь “Сумын брэнд” бүтээгдэхүүнээр шалгарч, улмаар “Дундговь
түншлэл” үзэсгэлэн худалдаанд жил бүр тасралтгүй оролцож, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болжээ.