Хорин мянга гаруй ТББ-аас 400 нь л тайлангаа ирүүлдэг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 21 мянга гаруй ТББ бүртгэлтэй. Судалгаагаар 8500 нь үйл ажиллагаа явуулж буй ч 400 гаруй нь үйл ажиллагааны тайлангаа ирүүлдэг аж.
Нийт ТББ-ын 81 хувь нь
нийгэмд үйлчлэх зорилгоор байгуулсан бол, 12 хувь нь гишүүддээ үйлчилдэг.
Санхүүжилтийн хэлбэрийг авч үзвэл, 3.9 хувь нь гишүүний татвараас бүрддэг бол, 21.4 хувь нь дотоодын хандив, 67.7 хувь нь олон улсын байгууллагаас санхүүждэг тухай дүн гарчээ.
Мэргэжлийн холбоод болон ТББ-ын талаар мөрдөж буй хууль эрхзүйн хүрээнд тодорхой өөрчлөлт оруулахаар УИХ хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газраас Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бол, мөн иргэний нийгмийг дэмжих чиглэлээр Сангийн тухай гэсэн бас нэг хуулийн төслийг УИХ-аар намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ-ын чуулган завсарлаад
буй энэ хугацаанд дээрх хуулиудын талаар олон нийтээр хэлэлцүүлж байна. Жишээ
нь, “Транспэрэнси
Интернэшнл Монгол” ТББ Бизнесийн ёсзүйн
төв, МҮХАҮТ хамтран өнгөрсөн сард хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр Холбооны
эрхзүйн тухай (ТББ болон Мэргэжлийн холбоод) хуулийн төслийн үндсэн зорилт,
үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, ашгийн төлөө болон ашгийн бус
үйл ажиллагааны зааг ялгаа, мэргэжлийн холбооны удирдлагад компанийн засаглал,
ёс зүйн хэм хэмжээг нэвтрүүлэх талаар
хуулийн төсөлд тусгах санал авсан.
Хэлэлцүүлэгт мэргэжлийн холбоод, ТББ-ын 30 гаруй төлөөлөл оролцсон юм.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Од хэлэлцүүлгийн талаар хэлэхдээ, “Ашгийн төлөө бус хуулийн этгээд, мэргэжлийн холбоод, ТББ нь ил тод, нээлттэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Тиймээс өөрсдөө зохион байгуулалтад орж, дотоод засаглалыг бэхжүүлэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрсөн компанийн засаглал, сайн жишгийг нэвтрүүлэх нь зүйтэй” гэдгийг онцолж байлаа.
Хууль тогтоогч нар олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл ТББ болон мэргэжлийн холбоодын талаар 2 ч хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд компанийн засаглал, ёс зүйн хэм хэмжээг тусгах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэж байв. Тухайлбал, мэргэжлийн холбоодын хувьд мэргэжлийн ёс зүй нь нийтлэг ёс зүйгээс өөр гэдгийг тодотгосон юм. Үүнээс гадна Холбооны эрх зүйн тухай хуулийн төслийг эргэн харах, ТББ, мэргэжлийн холбоодын оролцоог хангаж, хуулийн төслийн ажлын хэсэгт төлөөлөл оролцуулах, цуврал хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг саналыг тавьж байлаа.