Уран бичлэгийн уралдаанд 80 гаруй бүтээл ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран Цагаан сарын баярыг угтан “Босоо
бичиг-2022” уран бичлэгийн цахим үзэсгэлэнг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус аймагт анх удаагаа зохион байгуулсан үзэсгэлэнд 40-өөд хүний 80 гаруй
бүтээл ирсэн байна.
Шүүгчдийн шалгаруулалтаар Өлгий сумын 6 дугаар сургуулийн Монгол хэлний багш
Х.Бадамцэцэгийн бүтээл тэргүүн байр эзлэв. Харин Өлгий сумын Эмпати сургуулийн
монгол хэлний Н.Ариунзаяа, 3 дугаар
сургуулийн монгол хэлний багш М.Алтанзул нарын бүтээл удаах байруудад орж, сурагч
Б.Айман тусгай байрны шагнал хүртлээ.
Зохион байгуулагчид энэ жилийн уран бичлэгийн уралдаанд ангилал
тогтоогоогүй аж. Харин ирэх жилээс мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс,
багш, сурагчдын бүтээлийг тус тусад нь шалгаруулж, уралдааныг уламжлал болгон
явуулахаар төлөвлөж байна.