Орос-НАТО: Мухардсан хэлэлцээ ба Европт дайн дэгдэх магадлал
ТОЙМ
Женев хотноо хэдхэн хоногийн өмнө болсон ОХУ-АНУ-ын хэлэлцээнд
Оросын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Гадаад хэргийн орлогч сайд С.Рябков мэдэгдэхдээ
“Вашингтон болон түүний холбоотнууд аюулгүй байдлын асуудлаар бидний тавьсан үндсэн саналуудыг хүлээж аваагүй учраас
дахин уулзалт хийх шалтгаан үндэслэл алга” гэлээ. Энэ мэдэгдлийн дараа евротой
харьцах рублийн ханш 50 гаруй копейкоор, Москвагийн биржийн индекс 2 хувиар тус
тус унасан байна.
Шинэ жилийн урт амралтын дараа Орос улс болон АНУ, НАТО, Европын
Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ хооронд цуврал 3
хэлэлцээ болсон юм. Тодруулбал, 10-нд ОХУ-АНУ, 12-нд ОХУ-НАТО-гийн зөвлөл,
13-нд ЕАБХАБ-ын хуралдаан тус тус болж өнгөрлөө.
Орос-НАТО-гийн хэлэлцээний дараа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Грушко нар мэдэгдэл хийхдээ, гол асуудал буюу НАТО-г дорно зүгт тэлэхээс /тус эвсэлд Украиныг гишүүнээр элсүүлэх/ татгалзах явдлыг хууль эрхзүйн үүднээс баталгаажуулахтай холбоотой байр сууриа хоёр тал ойртуулж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Харин одоогоор хараахан дуусаагүй байгаа ЕАБХАБ-ын хуралдаан
бол бэлгэ тэмдгийн шинжтэй бөгөөд түүнд Украин улс оролцож байгаа гэдгээрээ
онцлог. Уг хуралдааны явцад ахиц дэвшил гарна гэдэгт барууны болон Оросын
дипломатчид итгэл тун муутай байгаа бөгөөд цуврал хэлэлцээ үндсэндээ мухардалд орсон нь
тодорхой боллоо. Шалтгаан нь, НАТО-г дорно зүгт өргөжүүлэхээс татгалз гэсэн
шаардлагынхаа хариуг Оросын тал нэн даруй авахыг хүсэж байгаа бол АНУ болон
түүний холбоотнууд уг асуудлыг хэлэлцэх ч сонирхолгүй байна. Үүнтэй холбогдуулан Столтенберг хэлэхдээ “улс
орон бүр өөрийн замыг сонгох эрхтэй, үүнд Орос улс хориг тавих эрхгүй” гэж
мэдэгджээ.
АНУ-ын байр суурь
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк
Салливан пүрэв гарагт мэдэгдэхдээ “Оросын тал Украины эсрэг цэргийн ажиллагаа
явуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Америкийн тагнуулын алба одоогоор баттай нотолж чадахгүй, гэхдээ Москва халдан довтлох шалтаг хайж байж магадгүй” гэжээ.
Түүний ярьснаар, үйл явц ямар ч байдлаар өрнөлөө гэсэн АНУ түүнд бэлэн байгаа ажээ. “Хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагийн зэрэгцээ холбоотнуудаа хамгаалах,
түншүүдээ дэмжих, аливаа түрэмгийлэлд шийдвэртэй няцаалт өгөхийн тулд
шаардлагатай бодит алхмуудыг хийхэд бид бэлэн байна” гэж Ж.Салливан мэдэгдлээ. АНУ-ын хувьд холбоотнууд болон
түншүүдтэйгээ зөвлөлдөх хүсэлтэй байгаа бөгөөд ерөнхийдөө бол, Оросын хувьд
хэлэлцээний ширээний ард дахин суух боломж бий гэдгийг тэрбээр дурджээ.
Рябков юу хэлэв?
“НАТО-г өргөжүүлэхгүй байх тухай бидний гол шаардлагуудыг
хүлээн авахад АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд бэлэн бус байгаа нь гол
саад тотгор юм.
Уг асуудлаар ахиц дэвшил гарах эсэхээс бусад бүх зүйл шалтгаална гэдгийг бид
ний нуугүй хэлсэн” гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд С.Рябков мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан С.Рябков мэдэгдэхдээ “АНУ ба түүний холбоотнууд уг төслийг хэлэлцэхээс
үндсэндээ татгалзсан учраас хоёрдугаарт эрэмблэгдэж буй асуудлуудыг хэлэлцэх нь утга
учиргүй. Ойрын үед хэлэлцээний ширээний ард суух боломж миний
хувьд харагдахгүй байна”
гэлээ.
“Дайны аюул”
ЕАБХАБ-ыг даргалж буй Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев
Рау Австрийн нийслэл Вена хотноо болж буй тус байгууллагын байнгын зөвлөлийн хуралдааны
үеэр мэдэгдэхдээ “ЕАБХАБ-ын бүс нутагт дайн дэгдэх аюул өнгөрсөн 30 жилийн
хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өссөн”-ийг анхааруулав. Мөн НАТО-гийн ерөнхий
нарийн бичгийн дарга хэлэхдээ “Европт зэвсэгт мөргөлдөөн дэгдэх эрсдэл үүсээд
буй”-г дурджээ. Түүнчлэн ЕАБХАБ-д суугаа АНУ-ын байнгын
төлөөлөгч Майкл Карпентер тус байгууллагын хүрээнд болж буй хуралдаанаас ямар
нэгэн үр дүн гарна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
Харин Оросын байнгын төлөөлөгч А.Лукашевич үг хэлэхдээ “хэлэлцээний
үйл явцыг тасалдуулах гэж оролдвоос аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал муудах эрсдэл зайлшгүй бий болно” гэж анхаарууллаа.
Тэрбээр мөн “боломжит хугацааны дотор бидний тавьсан саналд хариу
өгөхгүй бол стратегийн тэнцвэрийг хангах үүднээс шаардлагатай бүхий л арга
хэмжээг авна” гэж мэдэгдлээ. Хуралдааны дараа Оросын төлөөлөгч хэлэхдээ “бидний
саналд түншүүд маань тодорхой хариу өгсөнгүй, зөвхөн Оросын түрэмгий авирын
тухай ярианы эргэн тойронд л эргэлдсээр байлаа” гэв.
Хэлэлцээ мухардалд орсон шалтгаанууд
НАТО-гийн хувьд ойрын үед Украин, Гүрж зэрэг улсыг эгнээндээ
элсүүлэхээр төлөвлөөгүй байгаа боловч тус эвслийн дүрэмд “нээлттэй хаалганы
зарчим” гэдгийг тусгасан байдаг. АНУ-ын байр суурь гэхэд, бусад улсын хувь
заяаг тэдгээрийн өөрсдийнх нь оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
Энэ удаагийн цуврал хэлэлцээнд Америкийн төлөөлөгчид хоёр талын аюулгүй
байдалтай холбоотой “зэвсэглэлд хяналт тавих”, “цэргийн сургуулилтыг хянах”,
“ойрын ба дунд тусгалын пуужингийн гэрээг сэргээх” гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр
ирснийг ВВС-гийн сурвалжлагч Григор Атанесян онцоллоо. Гэвч Оросын дипломатчид
иймэрхүү техникийн асуудлуудыг хэлэлцэхээс татгалзсан байна.
Ингээд АНУ, НАТО-той хэлэлцээ хийсэн Оросын Гадаад хэргийн
хоёр орлогч сайд асуудлыг цэргийн арга хэрэгслээр шийдвэрлэх талаар ярьж эхлэв.
Тэгвэл тэд юуны учир хүлээж авахын аргагүй саналууд өвөрлөн Европт ирээд тэдгээрийг
нэн даруй хүлээн авахыг шаардаж, зөвшилцөхөөс татгалзсан нь оньсого мэт үлдлээ.
Гэхдээ нэг зүйл ойлгомжтой: ийм маягаар хэлэлцээ хийдэггүй гэдгийг хашир
туршлагатай дипломатчдын хувьд тэд сайн мэдэж байгаа. Жишээ нь, зэвсэглэлд
хяналт тавих тухай хоёр талт хэлэлцээрийг зөвшилцөхөд дор хаяж бүтэн жилийн
хугацаа хэрэгтэй байдаг, гэтэл оросууд Европын аюулгүй байдлын шинэ хийц загварыг санал болгож, түүндээ ойрын үед хариу
өгөхийг шаардаж байна.
Цэргийнхний санал болгож буй хувилбарууд
Үүний сацуу Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров пүрэв гарагт
мэдэгдсэнээр бол “АНУ ирэх долоо хоногт өөрийн хариу саналыг танилцуулахаар
амласан” байна. Түүний хэлснээр, Орос улсын байр суурь нь НАТО-гийн баримт
бичгүүд дээр бус харин ЕАБХАБ-ын дээд түвшинд баталсан баримт бичгүүдэд
тулгуурлаж байгаа ажээ. Столтенберг ч мөн адил баримт бичгийн талаарх өөрийн
байр суурийг илэрхийлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
“Гэхдээ Оросын тал аюулгүй байдлын баталгааны асуудлыг
стратегийн тогтвортой байдлын асуудлаас /зэвсэглэл, цэргийн сургуулилтанд
хяналт тавих/ салгаж үзэх үү гэдэг нь хамгийн гол асуудал” гэдгийг АНУ-ын
Цэрэг-тэнгисийн дүн шинжилгээний төв дэх Оросын хөтөлбөрийн захирал Майкл
Кофман хэллээ.
Гэтэл Оросын дипломатчид ийм боломжийг үгүйсгэж байгаа нь “тулган шаардах бичиг”-тэй адилтгаж болохоор байгаа бөгөөд ямар нэгэн тодорхой бус цэрэг-техникийн ажиллагаа явуулахад бэлэн байна гэж тэд сануулж байгаа юм. Орлогч сайд С.Рябков RTVI телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Украинтай холбоотой нөхцөл байдал хурцадсан тохиолдолд хэрэгжүүлэх хувилбаруудыг Путинд санал болгож байгаа гэдгийг дурдав.
“Байдал хурцадсан тохиолдолд
хэрэгжүүлэх хувилбаруудыг цэргийн мэргэжилтнүүд Путинд танилцуулж байгаа. Энэ
бол хүнд сэдэв, олон нийтэд хэрхэвч ил болгож болохгүй, ил болгох нь нөхцөл
байдлыг хурцатгана. Иймээс дипломат ажиллагаанд боломж өгөх хэрэгтэй” гэж С.Рябков
хэллээ. Түүнчлэн барууныхны зүгээс Оросын цэргүүдийг Украинтай залгаа хилээс
холдуулж, хуаранд нь буцаах нь зүйтэй гэснийг Лавров “хүлээн авах боломжгүй
шаардлага” гэж нэрлэсэн байна.
Хэдхэн өдрийн өмнө Америкийн
Сенатын гишүүд Украины эсрэг оросууд түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд шинээр авах
хориг арга хэмжээнүүдийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Түүний
дотор ерөнхийлөгч В.Путиний эсрэг хориг тавих талаар яригдаж байгаа юм. Үүнийг
Кремль “цуврал хэлэлцээний явцад шахалт үзүүлэх гэсэн оролдлого, харилцаа тасалдсантай
адил зүйл” гэж нэрлэв.
Б.Адъяахүү