“Сум хөгжүүлэх сан”-гийн чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-13 19:17:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн онд “Сум хөгжүүлэх сан”-гийн чанаргүй зээлийн хэмжээ буурсан байна. "Сум хөгжүүлэх сан"-ийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зээлийн эргэн төлөлт, сангийн үйл ажиллагааг сайжруулах аймгийн Засаг даргын албан даалгавар гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ. Энэ ажлын үр дүнд 277 зээлдэгч зээлээ бүрэн төлж, 1.4 тэрбум төгрөг эргэн төвлөрүүлэн, 10 сумын 105 төсөлд шинээр 1.0 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өмнөх онтой харьцуулахад чанаргүй зээлийн хэмжээ 8.2 хувиар буурсан байна.

Аймгийн ИТХ-ын Эдийн засгийн хөгжлийн хороо, Санхүүгийн хяналт, аудитын албатай хамтран Дашинчилэн, Баяннуур, Хангал зэрэг сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн санхүү аж ахуйн үйл ажиллагаа, зарцуулалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Зээлийн гэрээг иргэдэд уншиж танилцуулдаггүй, зээлийн алданги тооцох хувийг 0,5 хувиар тооцож гэрээ байгуулж, энэ нь зээлээ хугацаандаа төлөөгүй иргэдэд дарамт учруулдаг, зээлдэгч нартай эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн  бүрээс хувийн ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн  мэдэгдлийг гаргуулж авдаггүй зэрэг зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сумын удирдлагуудад даалгасан гэж аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээлсэн байна.

УИХ-ын шийдвэрээр “Сум хөгжүүлэх сан”-г “Хоршооны хөгжлийг дэмжих сан” болгон өөрчлөн хэрэгжүүлэхээр болжээ.

相关新闻