Үндсэн хууль батлалцсан Ж.Сейтмуратад гавьяат цол хүртээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан
шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүх зарлиг буулгаж АИХ-ын депутат асан Ж.Сейтмуратад “Монгол
Улсын Гавьяат малын эмч” цол хүртээв.
Түүний хувьд 1970 онд Баян-Өлгий аймгийн Мал
эмнэлгийн газарт зооноз гурван өвчинтэй тэмцэх
байнгын группийн ахлагч их эмчээр ажлын гараагаа эхэлжээ. 1977 оноос
1997 он хүртэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их
эмчээр тогтвор суурьшилтай 20 жил, эзэмшсэн мэргэжлээрээ мал эмнэлгийн албанд
37 жил тасралтгүй ажилласан байна. Харин 1997-2008 он хүртэл тус аймгийн
Хөдөө аж ахуйн удирдах газрын Мал эмнэлгийн албанд малын халдварт өвчин
хариуцсан их эмчээр ажиллав.
1990 онд Бугат сумын 77
дугаар тойргоос Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож,
ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ.