Анхдугаар Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг тунхагласан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 14:01:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Үндсэн хууль ба Хүний эрх” эрдэм шинжилгээний хуралд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч, докторант З.Жаргалмаа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн Үндсэн хуулийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрээр “Хөдөлмөрлөх эрх нь хүний эдийн засгийн эрхийн нэг бөгөөд хүний эрх чөлөө нь хөдөлмөрлөх эрх чөлөөг бий болгож байдаг. Уг эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, тэдгээрийг сахин биелүүлэх, хамгаалах нь төрийн үүрэг байдаг” гэсэн юм. Гэвч одоог хүртэл эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдмал улс орон ч бий. Харин манай улсын хувьд анхдугаар үндсэн хуулиа батлахтайгаа зэрэгцэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг тунхагласан байна. 

Монгол Улсын 1924 оны Үндсэн хуульд “Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” хэмээн тунхаглан зарлажээ. 
1940 оны Үндсэн хуульд “Хөдөлмөрлөх эрхийг бүр тодорхой болгож, бүхий л салбарт адил тэгш ажиллах бололцоог хангаж, амралт, хөдөлмөрийн чадвар алдагдал болон эх нялхсын эрх ашгийг улсаас батлан хамгаалах ба бие жирэмсэн эмэгтэйчүүдэд зохих чөлөөг олгох, мөн энэ завсар хөлс хэрэглэлийг бүрэн дүүрэн хэвээр олгох явдлаар хангагдана” хэмээн хуульчилжээ. 

1960 оны Үндсэн хуульд иргэд амралтын цалин, нас хөгшрөх, өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдах, тэжээгчээ алдахад эдийн тусламж авах эрх үүссэн. Мөн хүүхэдтэй эхчүүдэд тусламж үзүүлэх, амаржих газар ба хүүхдийн ясли, цэцэрлэгийг өргөтгөж эмэгтэйчүүдийн ажиллах боломжийг нээх болон хөдөлмөрчдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, оюун ухаанаа хөгжүүлэх боломж олгох бодлого нэмэгджээ.

Харин 1992 оны шинэ Үндсэн хуульд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байна.

相关新闻