Аймагт гэмт хэргийн гаралт 39 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь
Цагдаагийн газарт 2021 онд нийтдээ 187 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх
оныхтой харьцуулахад 121 гэмт хэрэг буюу 39,3 хувиар буурсан үзүүлэлт аж.
Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 135 нь хөнгөн,
52 нь хүнд гэмт хэрэг байна.
Статистик мэдээнээс харахад хүний эрүүл
мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай
учруулах, хүчиндэх, дээрэмдэх, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,
нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийн тоо өмнөх оныхоос өссөн,
бусад төрлийн гэмт хэргүүдийн хувьд буурсан үзүүлэлттэй гарчээ.
Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн
этгээдүүдэд 761,8 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 646.8 сая төгрөгийг
нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг авч үзвэл 47
гэмт хэргийг согтуугаар, 10 гэмт хэрэгт хүүхэд оролцсон, 10 гэмт хэрэгт эмэгтэй
хүн оролцсон, 11 гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 10 гэмт хэргийг
бүлэглэн үйлдсэн ажээ.