"Бүргэдийг хамгаалах өдөр" тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-10 15:56:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олон улсад жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийг бүргэдийг хамгаалах өдөр буюу бүргэд шувууны талаар мэдлэгтэй болох, тэднийг устахаас хамгаалан сэргийлэх өдөр болгон тэмдэглэдэг.

Бүргэдийг хамгаалах өдрийг 2015 онд АНУ-ын Нью Жерсигийн Рижфильд Парк тосгоны нөхөрлөлийн хос халзан бүргэдийг аврах ажиллагаанаас санаа авч тэмдэглэх болжээ. Тодруулж хэлбэл, 2011 оноос тус тосгоны Оверпек Грийк горхины эрэг дээрх модонд Алис, Ал хэмээн нэрлэсэн хос халзан бүргэд үүрлэсэн байна. Гэтэл 3 жилийн дараа  “Skymark Development Corp”-аас бүргэд үүрлэсэн газрын ойролцоох хогийн цэгүүд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн судалгааг гаргаж, Алис, Ал хоёрын үүрлэсэн модыг устгах санал тавьжээ. Үүнийг эсэргүүцсэн Аудубон нийгэмлэг бүргэд хамгаалах өдөрлөг зохион байгуулсан нь 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байв.

Хэдийгээр өдөрлөг хос халзан бүргэдийг хамгаалахаас эхэлсэн ч дэлхийн бүх бүргэдийг хамгаалах өдөр болсон байна.

Бүргэд нь том биетэй махчин шувуу бөгөөд харцагынхан овогт хамаарна. 60 гаруй зүйлийн ихэнх нь Еврази, Африкаар нутагладаг байна. Монгол оронд өдрийн махчин шувуудаас Шонхортон хэмээх багийн Явлагийнхан, Харцгайнхан, Шонхорынхон гэсэн 3 овогт хамрах 16 төрлийн 42 зүйл шувуу байдаг. Эдгээр 42 зүйл шувууны нэг нь Цармын бүргэд юм. Цармын бүргэд Ази, Европ, Хойд Америкийн нутгаар өргөн тархалттай. Монгол оронд Монгол Алтайгаас Их Хянганы баруун сэжүүр хүртэлх тайга, ойт хээр, хээр говийн бүсийн далайн түвшнээс дээш 800-3000 м өндөрт өргөгдсөн уул нуруу, хад цохио, ой бүхий нутгаар байршдаг. Дэлхийн улсуудад ан авд шонхор, харцага, бүргэд гэх мэт цөөн хэдэн зүйл шувуудыг ашигладаг.

Харин Монголын казахууд ан авдаа Цармын бүргэдийг ашигладаг нь дэлхийн олон оронд байхгүй уламжлалт соёлын нэг хэлбэр юм. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэсэн ажээ.

相关新闻