Өнөөдрийн байдлаар 196 өрхийн 7649 толгой мал шүлхийгээр өвчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-ны байдлаар 196 өрхийн 7649 толгой мал гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилжээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг суманд шүлхий өвчнөөр 7649 толгой мал оношлогдсон тухай Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Шарга сумын 72 өрх, Есөнбулаг сумын 42 өрх, Тайшир сумын 26 өрх, Хөхморьт сумын 5 өрх, Баян-Уул сумын 16 өрх, Халиун сумын 21 өрх, Цогт сумын 1 өрх, Жаргалан сумын 7, Төгрөг сумын 6 өрхийн дээрх тооны толгой мал шүлхийгээр өвчилсөн байна.
Нийт өвчилсөн малын 7472-ын шинж тэмдэг арилсан бол 66 малыг устгасан байна. Мөн шүлхий өвчний вакцинжуулалтад 515813 толгой малыг хамруулсан тухай холбогдох албанаас мэдээлэв. Одоогоор хорио цээртэй 5 сум, цуцалсан 3 сум байгаа аж.