Есөнбулаг сумын агаарын бохирдлыг 5 цэгт хэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн төв Есөнбулаг сумын агаарын чанарын талаар олон нийтэд мэдээлэл хийв.
-“Есөнбулаг сумын агаар дахь хүхэрлэг хий /SO/, азотын давхар исэл /NO2/-ийн хэмжээг 8, 14, 20 цагт 20 минутын хэмжилт хийж үзэхэд хүлцэх хэмжээнээс даваагүй байна. Энэ 7 хоногт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/ хүлцэх хэмжээнээс давсан тохиолдол гараагүй боловч 2021 оны мөн үетэй харьцуулахад агууламж нэлээд нэмэгдсэн байна. Агаарын чанарын хяналтын харуулын ашиглаж байгаа багажтай нэг талаараа холбож үзэж болох юм. Учир нь тус харуулын ашиглаж байгаа механик ажиллагаатай 30 гаруй жил болж байгаа багаж юм” гэлээ.
Мөн 24 цагийн давтамжтайгаар гадна агаар дахь тоосонцор хэмжих бага оврын автомат багажыг 1, 4, 8 дугаар цэцэрлэг, 1 дүгээр сургууль, нэгдсэн эмнэлэгийн орчимын 5 байршилд суурилуулсан аж. Тус багажын хэмжилтээр РМ 2,5, РМ 10,0 тоосонцорын хувьд хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тухай танилцуулав.
Агаарын чанарыг байнгын болон нарийвчилсан судалгааны хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд агаарын бохирдлын эх үүсвэрүүдийн байрлал, автомашины хөдөлгөөн, хүн амын төвлөрөл, цаг агаарын байдал, гэр хороолол халаалтын зуухнуудын галлагаа, эрчим, хүчний хэрэглээ зэргээс шалтгаалан бохирдол илэрдэг ажээ.