Баян-Өлгий аймагт хоёр удаа газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-06 15:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтагцөгц сумын төвөөс баруун хойш 11 километрийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт өнөөдөр Улаанбаатарын 14.50 цагт болсон байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлснээр, мөн удалгүй 15.09 цагт тус сумын төвөөс баруун зүгт 12 километрийн зайд дахин 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.  


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо 8 дахин нэмэгдсэн аж. 

 

Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

相关新闻