U18 эмэгтэйчүүдийн волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид түрүүлж, алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-30 00:22:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон U18 аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид түрүүлж, алтан медалийн эзэд болсон байна.

УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат санаачлан 2014 онд тус аймагт волейболын гүнзгий ангийг нээж байсан түүхтэй. Тэгвэл тус ангийн тамирчид ийнхүү тэмцээний шилдгүүд болжээ. Тэмцээний шилдэг холбон тоглогчоор Б.Сарангэрэл, Шилдгийн шилдэг тэгш тоглогчоор П.Хатанзаяа, шилдэг дасгалжуулагчаар А.Амартүвшин нар шалгарсан байна.

Монголын Волейболын залуучуудын холбооноос зохион байгуулсан эл тэмцээнд 21 баг өрсөлдсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, аймгийн БТСГ, ЕБ-ын Спортын сургуулийн хамт олон хамтран дэмжин оролцсон байна. 

相关新闻