Зорилтот бүлгийн багачуудыг баярлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Зорилтот бүлгийн багачуудыг баярлуулах “Нэг хүүхэд, нэг
бэлэг” үйл ажиллагаа Эрдэнэдалай суманд амжилттай хэрэгжиж, 2021 онд Шинэ
жилийн цэнгүүн болон өргөжлөө.
Энэ ажлыг санаачлагч Г.Энхмаа 2018 онд Солонгос улсад
ажиллаж амьдарч байхдаа, шинэ жилийн гоёлд зарцуулах мөнгөөрөө эмзэг бүлгийн,
зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулах зорилгоор 2004 оны төгсөгч найз нараа
уриалснаар энэхүү сайн үйлсийн ажил 3 дахь жилдээ үргэлжилж байгаа ажээ.
“Нэг хүүхэд, нэг бэлэг” сайн үйлсийн энэхүү ажилд 2004
оны төгсөгчид, “Эрдэнэдалай миний нутаг” ТББ, иргэд, албан байгууллагууд
идэвхийлэн оролцож, 101 хүүхдийг баярлуулсан байна.
Өмнөх жилүүдэд сумынхаа зорилтот бүлгийн бяцхан хүүхдүүд,
асаргаа сувилгаа шаардлагатай, гэрээр байдаг эмээ өвөө нартаа өвлийн өвгөнөөр
дамжуулан бэлэг гардуулж өгдөг байсан бол энэ жил сумын Соёлын төвтэй хамтран зорилтот
бүлгийн хүүхэд, иргэдийн Шинэ жилийн
цэнгүүн зохион байгуулжээ.
“Нэг хүүхэд, нэг бэлэг” ажлыг санаачлагч Г.Энхмаа “тэр бүр баярлаж, шинэ жилийн цэнгүүн хийж байгаагүй тэр хүүхдүүд, иргэдийн хувьд анх удаа ийнхүү шинэ оноо баяр хөөртэйгээр угтаж, дуулж, бүжиглэж, урлагийн тоглолт үзэж, азын сугалаа сугалж, хөгжөөнт тоглоом тоглож маш хөгжилтэй сайхан өнгөрүүллээ, тэдний ийнхүү баярлаж байгааг харах үнэхээр сайхан байлаа” гээд хандив өргөж, оролцсон бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн юм.