Ховор ан амьтны бүртгэлийг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-12-24 15:48:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв.


-Энэ онд та цөөнгүй аймагт ажиллалаа. Хөдөө орон нутагт томилолтоор явахдаа юунд хамгийн их анхаарал хандуулав. Шинэ онд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд 12 аймагт томилолтоор очиж, байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлтэй газар дээр нь танилцлаа. Байгаль хамгаалагчдын цалин, амьдарч буй байр сууц гээд анхаарах асуудал их байна. Тухайлбал, өвөл, хавар, намрын цаг агаарын таагүй нөхцөлд ажилладаг, нэг байгаль хамгаалагчид ногдох газрын хэмжээ хэт их гээд тоочвол олон зүйл бий. Бид байгаль хамгаалагчдын цалинг ТЗ болгох уу, ТҮ ангиллаар байлгаад нэмэгдэл тооцох уу гэдгийг судалж байна. Ажиллах орчин нөхцөлийг сайжрулна. Цаг уурын өртөөний байрууд шаардлага хангахгүй, зарим нь гэрт үйл ажиллагаа явуулж байна. Олон жилийн хур асуудал байгаа тул ТХГН-ийн тухай хуулийн үзэл баримтлалд нэмэлт өөрчлөлт оруулна. Амьдралаас урган гарсан ямар зүйл, заалт үгүйлэгдэж байгааг судлан, 2022 онд эрх зүйн шинэчлэл хийнэ. Ирэх жилүүдэд эдгээр хуримтлагдсан асуудлыг шийдэхэд анхаарна.


-БОАЖЯ-ны 2021 онд хийсэн томоохон ажлыг онцолно уу?

БОАЖЯ 2020-2021 онд тодорхой ажлууд хийсэн ч зарим нь дуусаагүй байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2020-2024 онд ногоон хөгжлийн бодлого, аялал жуулчлалын чиглэлээр нэлээн ажил тусгасан. Энэ дагуу ногоон хөгжлийн чиглэлд идэвхтэй ажиллана. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн цөлжилт зэрэг сэдэв улс орнуудын анхаарлын төвд байгаа. Ойжуулалтын хөтөлбөрт 2020 онд 3 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2022 онд 12 тэрбум төгрөг болгон нэмсэн. Ойжуулалтын талбайг нийт газар нутгийн хэмжээнд зөв тооцож гаргасан. Өмнө нь жилд 2 удаа мод тарьж, өнгөрсөн хугацаанд 17 сая мод суулгасан мэдээлэл бий. Ойжуулалтын норм, нормативыг өөрчилснөөр ойжуулалтын зардлыг 3-5 жилээр гаргана. Ногоон байгууламжийг нэмэх тал дээр бусад орны туршлага судална. 23 төрлийн ойжуулалт хийж байсныг 48 болгож нэмсэн. Улсын хэмжээнд 9.2 сая тарьц суулгацын нөөцтэй байгаа. Ирэх онд зүүн, баруун, өмнө, төвийн бүсэд мод үржүүлгийн газрууд байгуулж, усжуулалтын системийг сайжруулан, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжинэ.

Мод тарьж болох ч түүнийгээ 3-5 жилд ургуулах нь чухал. Иймд ногоон байгууламж нэмэх чиглэлээр 1000 сургагч багш бэлтгэнэ. Одоогоор 170 багшийг бэлдээд байна. “Тэрбум мод” хөтөлбөрийг зөв зохион байгуулснаар бизнесийг хөгжүүлж, ажлын байрыг бий болгох боломжтой.


-Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа зогссон. Цар тахлын дараа ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

Коронавируст халдварын улмаас сүүлийн 2-3 жилд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө зогссон ч БОАЖЯ-наас ТББ, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн. Зуны улиралд онгоцны суудал олддоггүй бэрхшээл байдаг тул нислэгийн тоог нэмэгдүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. Гадаад сурталчилгааг Соёлын яам, ГХЯ, БОАЖЯ хамтран хийх нь зөв гэж тодорхойлон ажиллаж байна. Аялал жуулчлалын форум ч зохион байгууллаа. Тухайн жилийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөг төрийн байгууллага шийддэг байдлыг халж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, холбоод, стратеги судлаачдын тооцооллыг шинэ стратеги төлөвлөгөөнд тусгах нь чухал гэж дүгнэсэн. Цар тахлын дараа шинэ хэв маягт яаж шилжих, дэлхий нийт, бүс нутгийн хандлагыг зөв тодорхойлж, хамтдаа хөгжихийг зорьж байна. Манай улсын хувьд хавар 4 дүгээр сараас намар 9 дүгээр сар жуулчлалын идэвхтэй үе. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг хэрхэн багасгах, ямар үйл ажиллагаа зохион байгуулах нь зөв тухай ярилцаж байна. 

“Тогтвортой аялал жуулчлал” төслийн хүрээнд Хэнтий, Хөвсгөл аймагт 39 сая ам.долларын бүтээн байгуулалтыг 4-6 жилд хэрэгжүүлнэ. Тухайлбал, жуулчдыг татах зорилгоор 2022 онд Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хаан цогцолбор мэдээллийн төв байгуулна. Ингэхдээ гэрэл цахилгаан татах, авто зам тавих зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Сүүлийн жилүүдэд дотоодын болон түүхэн, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.


-Ховор ан амьтны бүртгэлийг цахимжуулах тухайд?

Ховор ан амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл намар бүр шүүмжлэл дагуулдаг. Ховор ан амьтны бүртгэлийг 2022 онд цахим болгоно. Аймгуудын Байгаль орчны газар, ТББ, судлаачид хамтран журмын төсөл боловсруулж байгаа. Зөвшөөрлийг цаасаар авахад 8 үе шат дамжин, 120 хоногийн хугацаанд гаргадаг. Зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлт нь ч тодорхойгүй байсан. Энэ үе шатыг 4 болгон цөөлж, хугацааг нь 30-40 хоног болгон богиносгосон. Зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөл шийдэж, цахимаар мэдээлдэг болно. Тухайн бүсэд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж ховор ан агнах зөвшөөрөл авсан тухай мэдээлэл шилэн байдлаар иргэдэд хүрэх тул хянах боломжтой. Зөвшөөрлийг цахим болгосноор орон нутагт орох орлого тодорхой болж, байгалийн нөөц ашигласны төлбөрийг байгаль орчноо хамгаалахад зарцуулах юм. 

相关新闻