Мэргэжлийн холбоод нэгдсэн форум зохион байгуулахаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-23 17:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-ын дэргэд мэргэжлийн нэгдсэн холбоод нэгдэн зөвлөл байгуулан ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдсэн зөвлөл эхний ээлжинд 10 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс 120 холбоог оролцуулсан Мэргэжлийн холбоодын форумыг зохион байгуулахаар болжээ. Тус зөвлөл ажлын дарааллаа гарган баталсан байна. Үүнд:

  • Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах
  • Хуульд зааснаас бусад зөвшөөрөл, лиценз, төлбөр, хураамжийг болиулах
  • Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг бий болгох
  • Төрийн давхардсан бүтцийг цэгцлэх, чиг үүргийг арилгах
  • Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, стандартыг цөөлөх, бизнесийн эрх чөлөөг нээж өгөх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.



Бизнес эрхлэгчдийн эрх зүйн орчныг сайжруулах "Тендерийн хууль", "Зөвшөөрлийн тухай хууль", "Холбооны эрх зүйн байдлын тухай хууль" -ийн шинэчилсэн найруулгад саналаа өгч эхэлжээ.

Зөвлөлд нэгдсэн Монголын Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлэхдээ, “Мэргэжлийн холбоод, ТББ-ууд нэгдээд төрд тусалж дэмждэг байх нь нэг талаар хэрэгтэй байна. Нөгөө талаар төрийн зарим чиг үүргийг аваад ингээд нэгдэж ажиллаж болно гэж харж байна. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид, мэргэжлийнхэн нэг хэсэг бүлгийн болон салбарын эрх ашиг гэхээсээ илүү нэгдсэн байдлаар тэгш эрхийг ханган хамтран ажиллах чухал байна” гэдгийг онцоллоо.




Монголын Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар хэлэхдээ, “Мэргэжлийн холбоодыг нэгдсэн нэг талбартай болгож нэг зохион байгуулалтад оруулж буйд талархаж байна. Бидэнд нэгдсэн форумаа хийх гээд олон ажил ундарч байна” гэв. Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлд Монголын Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын Бэлчээр ашиглагчдын Үндэсний нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн 20 гаруй байгууллага нэгджээ.




Монголд анх удаа төрийн байгууллагын дэргэд Мэргэжлийн нэгдсэн холбоод нэгдэн зөвлөл байгуулж, цар тахлын дараах үеийг нэгдмэл хүчээр давж гаран, эдийн засгийн Их сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Манай улсад 20 мянга гаруй ТББ бүртгэлтэй байна.  



相关新闻