ДЭМБ “Novavax”-ын өөр вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-22 12:20:21

ЖЕНЕВ. /ABC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ АНУ-ын “Novavax” эмийн компанид гарган авч үйлдвэрлэж буй “COVID-19”-ийн вакциныг яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрчээ.


Ингэснээр “Nuvaxovid” вакцин нь ДЭМБ-ын яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн COVID-19”-ийн вакцинуудын жагсаалтад орсон 10 дахь вакцин болж байна.


Энэхүү вакцин нь Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэж буй “Covovax” вакцины анхдагч бүтээгдэхүүн бөгөөд ДЭМБ “Covovax”-т өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зөвшөөрөл олгосон юм. Эдгээр вакциныг ижил технологиор бүтээжээ.


“Covovax” вакциныг ДЭМБ тэргүүтэй байгууллагуудын санаачилсан коронавирусний вакциныг гарган авах, тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гарган авсан юм. Үүнийг ердийн хөргөгчийн хэмд хадгалах боломжтой тул хөгжиж буй орнуудын иргэдийг вакцинжуулахад тохиромжтой гэж үзэж байна.


Энэхүү хөтөлбөрийн хүрээнд энэ жил хоёр тэрбум тун вакцин түгээхээр төлөвлөж байсан боловч одоогоор ойролцоогоор 790 сая орчим тунг нийлүүлээд байна. Ажиглагчдын үзэж буйгаар, шинэ вакциныг бүртгэсэн нь хөгжиж буй орнуудын дархлаажуулалтын аяныг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулах төлөвтэй байна. 

相关新闻