АСЕМ-ын сурталчилгаанд идэвхтэй оролцсон МОНЦАМЭ агентлагт талархал дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 20:05:11

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай болж өндөрлөж буйтай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дүгнэлт мэдээлэл хийсэн юм. 

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт маш амжилттай болсон гэж улс орны удирдагч, төрийн тэргүүнүүд дүгнэж байгааг Л.Пүрэвсүрэн сайд хэлж байв. Тухайлбал ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Олон улсын томоохон уулзалт, хуралд олон оролцож байснаас Монгол улсад болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт маш амжилттай, зохион байгуулалттай боллоо. Би ирэхдээ хоёр талын 11 хурал хийхээр төлөвлөсөн ч үүнээс олон уулзалт хийлээ. Монгол Улс олон улсын том уулзалт зохион байгуулах туршлагатай болсон байна” гэжээ. Бусад улс орны төлөөлөгчид ч энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтыг өндөр зохион байгуулалттай, үр дүнтэй болсныг  сайшааж байв. 
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад маш олон байгууллага, хүмүүсийн идэвх, оролцоо чухал нөлөөлснийг Л.Пүрэвсүрэн сайд онцолсон. Гадаад, дотоод сурталчилгааны чиглэлээр маш олон үйл ажиллагааг хийсэн бөгөөд тэр дундаа Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг орос, англи, хятад, япон сонин, англи хэлээр “Mongolia today” сэтгүүлийн тусгай дугаарыг хэвлэн гаргаж, гадаадын олон хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээ мэдээлэл нийлүүлж ажилсныг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн МОНЦАМЭ агентлагт “АСЕМ-ын мэдээллийн төв” байрлаж, 20 гаруй хэвлэлийн бага хурал зохион байгуулсныг тодотгоод хамтын ажиллагаанд идэвх гарган оролцсонд талархал дэвшүүлсэн юм.  

Тэрбээр мөн Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол Улс хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил, тоо баримт, үйл явцыг дэлгэрэнгүй танилцуулсан. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал
 

相关新闻