ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг таван эрдэмтэнд олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн тэргүүн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг өнөөдөр дотоодын дөрөв, гадаадын нэг эрдэмтэнд тус тус олголоо.
Тодруулбал, академич Ц.Оюунсүрэн, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, доктор Х.Мөнхбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ШУА-ийн Ахмадын холбооны тэргүүн Ш.Чунаг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич В.Н.Пармон нар тус шагналыг хүртсэн юм.
“Хубилай хаан” алтан медалийг Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгодог бөгөөд ШУА-иас тус шагналыг жилд дотоодын 2 хүртэлх, гадаадын 2 хүртэлх иргэнд олгох журамтай. Гэсэн хэдий ч тус шагналыг сүүлийн 5 жилд огт олгоогүй бөгөөд өнөө жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, ШУА байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд 10 хүнд олгож байгаа юм байна. Өнгөрсөн долоодугаар сард Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л.Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олгожээ.
“Хубилай хаан” алтан медалиар өнөөдөр шагнуулсан эрдэмтдийг танилцуулж байна.
Академич, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Оюунсүрэн
Тэрбээр дотоод, гадаадын олон төсөл, сэдэвт ажлыг удирдан гүйцэтгэж, манай оронд генийн инженерчлэлийн ажлыг эхлүүлсний зэрэгцээ хепатитын вирусний болон зарим зэрлэг амьтны молекул биологи, молекул генетикийн судалгаа, элэгний хавдар үүсэх молекул хүчин зүйлс, хавдарын молекул биологи зэрэг судалгааг амжилттай удирдан гүйцэтгэжээ.
Мөн Японы эрдэмтэдтэй хамтран монгол адуу, тахийн молекул генетик, гарал үүсэл, мөн Англи, Бразилийн эрдэмтэдтэй хамтран хүний эр бэлгийн хромосомын эволюцийн чиглэлээр судалгаа хийж үр дүнг олон улсын хүртээл болгожээ.
1995-2010 онд монгол хүний дунд тархсан хепатит вирусний онцлог, геномын бүтцийг тогтоох, оношлох зэрэг ажлыг амжилттай хийсний зэрэгцээ молекул биологийн аргаар хепатитын G, TTV вирусийг манай оронд анх удаа илрүүлж тэдгээрийн генетик хэвшлийг тогтоосноос гадна хепатит вирусний генетик онцлогоос шалтгаалж элэгний хавдар үүсгэж буй молекул шалтгаан өөр өөр байгааг тогтоосон нь онолын болон практикийн ихээхэн ач холбогдолтой юм.
Молекул биологи, молекул генетикийн арга зүйд тулгуурлан хепатын В,С вирусийг Полимеразын гинжин урвалаар илрүүлэх аргыг манай орны эмнэлгийн практикт анхлан нэвтрүүлснээс гадна элэгний хавдар болон дээрх вирусуудын халдварыг илрүүлэх 3 оношлуур гарган авсан нь манай оронд ихээхэн тархсан дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн элэгний хавдар үүсэх молекул хүчин зүйлс, зарим протоонкоген, хавдар дарангуйлагч ген зэргийн мутаци, хавдрын эсийн судалгааг амжилттай хийж үр дүнг олон улсын болон өөрийн орны нэр бүхий сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн.
2010 онд “Монголын хүн амын дунд тархсан хепатитийн зарим вирусийн молекул генетик онцлог” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэхүү ажлын хүрээнд манай хүн амын дунд тархсан хепатитын вирусийн молекул биологи, мутаци, молекул эволюцийн судалгаа хийж тэдгээрийн молекул онцлогийг тогтоож, молекул цагийн арга ашиглан дээрх вирусний манай оронд тархсан тархалтын цаг хугацааг тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд монгол адуунд хепатитын вирус илрүүлэх чиглэлээр ажиллаж ихээхэн сонирхолтой үр дүнд хүрээд байна. Тэрбээр судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр 4 патентийн эрх эзэмшдэг.
Тэрбээр эдгээр ажлын үр дүнд тулгуурлан 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, ном, илтгэл хэвлүүлснээс 40 гаруй нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдсэн ба одоогийн байдлаар түүний өгүүллэгүүдээс 600 гаруй бүтээлд ишлэл авсан байна.
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, доктор Х.Мөнхбаяр
Сүүлийн жилүүдэд дунд сургуулийн “Биологи” сурах бичгийн зохиогчоор ажилласан. Их, дээд сургуульд зориулсан “Амьтан судлал”, “Хялбаршуулсан экологи” сурах бичиг, гарын авлагыг бичихэд мөн зохиогчдын бүрэлдэхүүнд ажилласан.
Тэрбээр МУИС-ийн оюутан байх үеэсээ эхлэн монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааг хийж эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвижээ. “Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчид” ганц сэдэвт зохиолыг 1976 онд хэвлүүлсэн нь монгол орны герпетологийн судалгааны анхны бүтээл болжээ. Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицэд 1970 оноос буюу анхны жилээс нь оролцон ажиллаж “БНМАУ-ын хоёр нутагтан” (1988), “Монгол орны мөлхөгчид” (1995), “Монгол орны хоёр нутагтан” (2017) хамтарсан ганц сэдэвт бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүнд оржээ. Өнгөрсөн хугацаанд ном, товхимол, сурах бичиг, гарын авлага 30 гаруй, эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл, экологи, байгаль хамгааллын талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл 150 гаруйг дангаараа болон хамтран бичиж хэвлүүлжээ. Таван докторын, 20 гаруй магистрын, 30 гаруй бакалаврын дипломын ажил удирдаж хамгаалуулжээ. Гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран хоёр зүйл, хоёр салбар зүйлийн амьтныг шинжлэх ухаанд шинээр нээсэн байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь
Тэрбээр 2018 оноос Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсын ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан тус академийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, ус хангамж, ариутгах татуургын салбарын тусгай зөвшөөрлийн болон санхүү, эдийн засгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 11 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хариуцаж буй төмөр зам дагуух сум, суурин газрын өртөө, зөрлөгийн хүн амын унд ахуйд хэрэглэж буй ундны усны чанар, аюулгүй байдлын суурь судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж, цахим мэдээллийн нэгдсэн сан үүсгээд байна.
Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын ШУА-ийн ахмадын холбооны тэргүүн Ш.Чунаг
Тэрбээр 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-2006 онд ШУА-ийн Тамгын газрын дарга, орлогч даргаар ажиллаж байв. Боловсрол, шинжлэх ухааны салбарт 50 жил тасралтгүй ажиллах хугацаандаа тэрээр арван мянган үндэсний удирдах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, улс орноо ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын менежментийг төгөлдөршүүлэх, материаллаг орчин нөхцөлийг бэхжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйлсэд идэвх санаачилга гарган ажиллаж иржээ.
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн
салбарын дарга, химийн шинжлэх ухааны доктор, профессор Валентин Николаевич Пармон
Тэрбээр 1985 онд Химийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. 1991 онд ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр, 1997 онд Оросын ШУА-ийн академичаар сонгогдсон. 2017 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Новосибирскийн Их Сургуулийн физик химийн тэнхимийн эрхлэгч, профессор. 2010 онд Европын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Олон Улсын Шинжлэх Ухааны Академиудын Холбооны жинхэнэ гишүүнээр (IAAS, 2020)-ээр тус тус сонгогдсон.
Түүний удирдлага дор урьд өмнө байгаагүй ураны исэлд суурилсан өвөрмөц нарны катализаторын реакторуудыг бүтээсэн ба Нефтийн дагалдах хийг боловсруулах дотоодын анхны технологийг боловсруулсан байна. Тэрээр 8 монографи, 33 тойм, 9 сурах бичиг, 150 гаруй зохиогчийн эрхийн гэрчилгээ, шинэ бүтээлийн патент, 950 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийн зохиогч, хамтран зохиогч юм.
2009 онд ОХУ-ын төрийн соёрхол хүртсэн, "Дэлхийн эрчим хүч” олон улсын шагнал, EFCATS шагнал, "Эх орондоо гавьяа байгуулсаны төлөө" IV зэргийн одон, "Гавьяаны төлөө" Францын одонгоор тус тус шагнуулсан байна.